Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн эрхлэгч, доктор (Ph.D) Г.Бямбарагчаагийн санаачилгаар хэвлүүлсэн Унгарын угсаатан судлаач Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь Монголчуудын дүрслэл “Дорныг дурандахуй” номын нээлт Чингис хаан Үндэсний музейн номын санд боллоо.
Номын нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монголч эрдэмтэн Др.Обрущанский Борбала Анна, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, дэд профессор Л.Эрдэнэболд нар оролцож, нээлтийн үг хэлэв.
Унгарын Угсаатны зүйн хүрээлэнтэй сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа ба Ласло Фөлдешийн ажилласан газарт ирэх 09 дүгээр сард ажиллаж, угсаатны зүйн судалгаа харьцуулалт хийнэ гэдгээ нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун мэдэгдлээ.
“Дорныг дурандахуй” номд Угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монгол улсад хийсэн угсаатны зүйн хээрийн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зургууд анх удаа хэвлэгдэж байгаа ба зүүн бүсийн ахуй амьдрал, гэр орон, хувцас зүүсгэл, малчдын нүүдэл, гэр ахуйн эдлэл хэрэгсэл, гар урлал зэргийг агуулснаараа онцлог юм.