Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: “Үндэсний бичиг–Өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ

ССАЖЗЯ: “Үндэсний бичиг–Өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ

Үндэсний бичгээ сурах хүсэл, зоригийг дэмжих зорилгоор 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 тоот зарлиг гарч “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагт тэмдэглэх уламжлал тогтсон билээ. Монголын Үндэсний Музей нь “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд монгол бичгээ сурталчлах, таниулах зорилгоор тус музейн цуглуулгад буй үзмэр эд өлгийн зүйлсэд түшиглэн монголчуудын уламжлалт бичиг үсгийн түүх, хөгжил хувьслыг харуулсан “Үндэсний бичиг – Өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ.

Үзэсгэлэнд Францын хаан Гоо Филиппт Ил хаан Өлзийтөөс илгээсэн захидал, Хар бухын балгаснаас илрүүлсэн үйсэн дээрх бичгүүд, монгол бичгээр туурвисан эртний ховор судар номууд, бийр янтай, үнсэн самбар зэрэг бичгийн хэрэглэл, Манж ба Богд хаант Монгол улсын тамга тэмдгүүд, 1920-1940-өөд оны үеийн ном, сурах бичиг, сонин сэтгүүл, нэрт монголч эрдэмтэн В.Котвичийг Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнд өргөмжилсөн бичиг, маршал Х.Чойбалсан, Ж.Самбуу тэргүүтэй төр засгийн удирдагчид, хөдөлмөрийн сайчуудад олгосон баярын бичиг, илэрхийлэлт, өргөмжлөлүүд, одон медалиуд, дээрээ монгол бичиг бүхий тамхины хайрцаг, цоож цуургын зүйлс зэрэг нийт 100 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 2025 оны 5 дугаар сарын 2-12-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх юм.

Монгол бичгийн гарал үүслийг тайлбарлахдаа зарим түүхэн сурвалж дахь мэдээ сэлтэд үндэслэн Чингис хаан Тататунга нэрт бичгийн түшмэлээр зохиолгосон хэмээн үзэх нь бий боловч “Чингисийн чулууны бичиг”, “Монголын нууц товчоо” зэрэг XIII зууны үеийн монгол бичгийн сонгодог дурсгалууд дахь  бичиг үсгийн ихэд боловсрон хөгжсөн байдлаас үзэхэд уул бичгийн эх үндэс бүр Уйгурын үед Арамей, Согдоос авсан байх магадтай гэх үзэл илүү түгээмэл болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН