Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас энэ сарын 13-ны өдөр “Судлаач резидент-2024” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг резидент эмч нарын дунд амжилттай зохион байгууллаа.
Тус төвд гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлээр суралцаж буй резидент эмч нар энэ өдөр “Яаралтай тусламжийн тулгамдсан асуудлууд”, “Эмнэлзүйн ховор тохиолдол”, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал”, “Гэмтлийн дараах хүндрэл, эрсдэл, оношилгоо, эмчилгээ” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг чадвараа сорьж, судалгаа шинжилгээний илтгэлүүдээр өрсөлдсөн юм.
“Судлаач резидент-2024” эрдэм шинжилгээний анхдугаар хурлаар хоёрдугаар шатанд шалгарсан долоон илтгэлээс I, II, III байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
НЭГДҮГЭЭР БАЙР: -“ГССҮТ-ийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн шархны арчдаст илэрсэн үүсгэгч, түүнд нөлөөлөх антибиотик мэдрэгжилтийн судалгаа” сэдвээр ГССҮТ-ийн II курсын резидент эмч М.Золбаяр, Э.Бат-Оргил, Д.Тэнгис
ХОЁРДУГААР БАЙР: -“Хүзүү, нурууны гэмтлийн тохиолдол хяналт, хүзүүний С2 нугаламын шүдлэг сэртэнгийн хугарлыг татагч шургаар бэхлэх мэс засал эмчилгээний үр дүн” сэдвээр ГССҮТ-ийн II курсын резидент эмч Б.Амарбаясгалан, Б.Пүрэвдорж, Б.Сугирдорж
ГУРАВДУГААР БАЙР:-“ГССҮТ-ийн 2023 онд бүртгэгдсэн мотоциклийн осол гэмтлийн тоон мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ” ГССҮТ-ийн II курсын резидент эмч Б.Өлзийсайхан, Э.Дашболд, Б.Өнөрбаяр
ГУРАВДУГААР БАЙР:-“Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгооны стандартыг олон улсын эмчилгээний удирдамжтай харьцуулсан судалгаа” ГССҮТ-ийн II курсын резидент эмч П.Нинжмаа, Л.Цэцэгханд, Т.Эрдэнэбулган
Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын мэдлэг туршлагыг нэмж, судалгаа шинжилгээний ажлыг дэмжсэн тусанхдугаар хурлыг ивээн тэтгэж, хамтран ажилласан “Ази фарм”, “Гедеон Рихтер” эмийн компанид талархал илэрхийлье.