Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ.
Харшил үүсэхэд генийн болон гадаад орчны хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
– Ургамлын тоосонцор
– Сул шороо, тоос
– Хоол, хүнс
– Нар, хэт халуун болон хүйтэн агаар
– Ахуйн хэрэглээний бодис
– Гэрийн тэжээвэр амьтан
– Гоёл чимэглэл гэх мэт
Харшлын сорил нь таныг юунд харшилтай, юунд харшилгүй байна гэсэн мэдээллийг бүрэн нарийн өгч чадна. Та харшлынхаа шалтгааныг мэдэж түүнийг хянаж чадсанаар таны зовуур мэдэгдэхүйц арилах болно. Харшлын зовуур арилснаар тайван нойрсож, өдөр тутмын амьдралдаа хэвийн, үр бүтээмжтэй байх боломжтой болно.
Харшил өвчин байж болох доорх зовуур, шинж тэмдэг илэрсэн бүхий л насны хүмүүсийг харшлын сорил тавиулахыг зөвлөж байна.
– Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
– Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.
– Бусад шинж тэмдэг: Анафилакси (хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал), ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх), шавьжид хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.