Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
1.Хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 60 өдрийн дотор;
2.Хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, хайгуулын үе шатаар нь ангилан гаргаж, тайлан гаргасан хугацаанаас хойш 60 өдрийн дотор.
Түгэмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.1.2-т заасан тайланд тухайн талбайд хийгдсэн өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.
Төрийн захиргааны байгууллага нь Түгэмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.3-т заасан тайланд дурдсан нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ:
1.Тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор;
2.Дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маягтын дагуу;
3.Тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан уулын ажлын үндсэн үзүүлэлт болон график зургийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу.
Аймаг, нийслэлийн Засаг дарга Түгэмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.5.1-д заасан техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Түгэмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.5.3-т заасан тайланд доор дурдсан зүйлийг тусгана:
1.Ажилласан өдөр, ажиллагчийн тоо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой гэрээ, хэлцэл;
2.Уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо, уурхай ажилласан хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил;
3.Олборлосон, үйлдвэрлэсэн, ачуулсан, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулсан үнэ, түүнийг худалдан авагчийн тухай мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болон ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бусад хөрөнгийн тухай мэдээ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгэмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгэмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн мэдээг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 01 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.