Нүүр хуудасМэдээТомуу, томуу төст өвчний тохиолдол буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ

Томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ

Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар, амбулаторийн 59.446 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6706 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байсан билээ.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 08-ны мэдээллээс үзвэл, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 70.573 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5094 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 4.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 34.3 хувийг 0-1 нас, 28.1 хувийг 2-4 нас, 14.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 1327 дуудлага ирснээс 44.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт орны ачаалал 13.6 хувиар нэмэгдэж, 70-80 хувь хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.

Харин 2018 оны нэгдүгээр сарын 09-ний байдлаар, нийслэлийн эмнэлгүүдийн 2084 орон дээр 2135 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт орны ачаалал 2.4 хувиар илүү байгаа бөгөөд 20-30 хувь хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм. Харьцуулсан судалгаанаас үзвэл, амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал тодорхой хувиар багассан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН