Нүүр хуудасМэдээ“Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлсэн 1 жилд 10.2 сая мод тарьж ургуулжээ

“Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлсэн 1 жилд 10.2 сая мод тарьж ургуулжээ

Монгол Улс “Тэрбум мод” хөдөлгөөн эхлүүлснээс хойш 10.2 сая тарьц мод тарьж ургуулаад байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 1.3 сая, Төв аймаг 906.1 мянга, Завхан аймагт 350 мянга, Эрдэнэт ТӨҮГ байгалийн бургасыг арчлах замаар тарьц суулгац бэхжүүлэн 2.5 сая мод тарьсан байна.

Түүнчлэн, 39 зүйлийн модлог ургамлын 12.7 тн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оныхоос 4.5 хувиар, мөн 306 мод үржүүлгийн газарт 45.8 сая тарьц суулгац үржүүлсэн нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгджээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлээд нэг жил болж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв.

Зөвлөх Н.Батхүү ярихдаа, “Тарьц суулгацын нийт нөөцийн 50 хувийг Сэлэнгэ аймаг дангаараа бүрдүүлж байна. “Тэрбум мод” аппликэйшн ашиглалтад оруулж, модлог.мн цахим систем хөгжүүлсэн. Эдгээр системээр дамжуулан тарьсан модны бүртгэл, тарьц суулгацын үрийн нөөц, мод тарих сонирхолтой аж ахуйн нэгжийг бүртгэн мэдээлэл солилцож байна. Үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд том байр суурь эзэлдэг. Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт” бүс нутгийн чуулган зохион байгуулж, ногоон санхүүжилтийг дэмжих, шороон шуургыг багасгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн, “Тэрбум мод” санг 3-р сард байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн. Сангийн үйл ажиллагаа 10 дугаар сараас эхэлж, төслийн санал хүлээн авч, 8 тэрбум төгрөгийн 40-өөд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр, “Тэрбум мод хөдөлгөөний эрчимжүүлэхэд төр хувийн хэвшил зэрэг олон эх үүсвэрээс хөрөнгө татах, санхүүжилт бий болгохоор олон улсын байгууллагатай хамтраад байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулаад байна. Салбар яамны харьяа Ойн агентлаг байгуулж үйл ажиллагааг эхлүүллээ. Биологийн олон янз байдлыг хамгаалахад баруун бүсийн 7 аймгийг модны нүх ухах анжис бүхий трактороор хангасан. Орон нутагт Ойн ангиудад анжис бүхий трактор, усалгааны системтэй хүлэмж байгуулж байгаа. Мөн мянган тонн багтаамжтай үрийн чанар, генетик нөөц бүхий автомат мод үржүүлгийн газар байгуулсан. Богдхан уулын энгэрт 2.5 сая мод тарихаар төлөвлөж, энэ намар 100 мянган мод тарьсан”-г мэдээлэв.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга дор өнгөрсөн 8 дугаар сард “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуус” олон улсын форум зохион байгуулж, ногоон залгамжлагч хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, НҮБ хамтран байгаль орчны манлайлал хөтөлбөр хэрэгжүүлэн, шилдэг оролцогчдыг НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хуралд оролцуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН