Ойрын өдрүүдийн улс орны анхаарах сэдэв яалт ч үгүй мөнгөний бодлого байлаа. Хэдэн өдрийн турш төв банк ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр эдийн засагчдын, олны анхаарал төвлөрөв бололтой. Тэгвэл өнөөдөр мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж есөн хувь болгох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийхдээ “Хоёрдугаар сарын статистик дүнгээр инфляци улсын хэмжээнд 14.2, нийслэлд 15.5 хувьд хүрсэн. Иймд бодлогын хүүг (6.5 хувь байсан) өсгөж, 9 хувьд хүргэлээ” гэдгээ хэлсэн.
Уг нь өмнөх мэдэгдэлдээ “Бодлогын хүүг алгуур буюу 0.5 хувиар өсгөх нь зөв гэж би хувьдаа бодож байна. Цар тахлын дараа эдийн засаг эргээд сэргэж байгаа тул бодлогын хүүг огцом өсгөвөл зээл олголт удааширна. Мөн эдийн засгийн өсөлтийг хязгаарлана. Иймд алгуур өсгөх нь зөв. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны долоон гишүүн хамтран эцсийн шийдвэрийг гаргана. Бодлогын хүү төгрөгийн ханштай шууд холбоогүй. Бид өмнөх хурлаараа бодлогын хүүг 6.5 хувиас дээш өсгөсөн бол өнөөдөр төгрөгийн ханш өсөхгүй байсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Бодлогын хүүг өсгөснөөр төгрөгийн зардал л өснө” гэж байсан юм.