Нүүр хуудасМэдээУИХ: Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын...

УИХ: Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.09.02/ хуралдсан.

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан уг ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан нар оролцов.

Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн  яам болон бусад төрийн байгууллагуудаас ирүүлсэн материалд хийсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар ерөнхий хяналтын сонсголын шинжээчид танилцуулсны зэрэгцээ ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэж, мэдээлэл ирүүлэх үүрэгтэй байгууллагуудын төлөөлөлтэй уулзан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал  солилцсон.

Шинжээчид танилцуулгадаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2015-2025 оны хооронд 29 хөтөлбөр, аян, хөдөлгөөн арга хэмжээний хүрээнд нийт 1,378.1 тэрбум төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосныг онцлоод дээрх хугацаанд тус салбарын төсөв тав дахин нэмэгдсэн  гэж байв.

Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Мандхай Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Монголбанкнаас зургаан хайрцаг мэдээлэл ирүүлсэн хэдий ч мэдээллүүд хоорондоо зөрүүтэй, бодит тоон нэгдсэн мэдээлэл дутмаг байсныг анхааруулаад шинжээчдийн урьдчилан ирүүлсэн тайлан мэдээлэл хангалтгүй байгааг дурдсан. Иймд ажлын хэсгийн дараагийн хуралдаанаас өмнө ирэх долоо хоногт багтаж холбогдох тайлбар, мэдээллүүдээ бүрэн дүүрэн, цэгцтэй, тодорхой ирүүлэх чиглэлийг холбогдох яам, төрийн байгууллагуудад өгөв.  

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан нар шинжээчийн мэдээлэлтэй холбогдуулан санал хэлсэн. Гишүүд шинжээчид тайлан, илтгэлдээ хөнгөлөлттэй зээл, урамшуулалд хамрагдсан үйлдвэрлэгчид, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид болон улмаар аймаг, бүс нутгаар нь ангилж зээлийн хүртээмжийг хэр байгааг ил болгох, зээл авсан аж ахуйн нэгж, өмчлөгчийн нэрс, эргэн төлөгдөх хугацаа, хүүгийн татаасанд хэдэн төгрөг төлж буй талаар болон үнийн өсөлт, зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэх мэдээллийг илүү тодорхой болгох шаардлагатай талаар санал хэлэв.

Мөн төрийн байгууллагуудаас мэдээлэл ирүүлээгүй нөхцөлд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Хуралдааны дараа Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд хэвлэлийн бага хурал хийж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН