УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн “Никкей форум”-д оролцож байна. Энэ үеэр тэрбээр Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн хоёр улс 1997 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар Монгол, Япон хоёр улс худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсыг идэвхтэй дэмжигч М.Хаяши тэргүүтэй парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы харилцаа “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байна. Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зүгээс харилцааны хөгжилд анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа, нэн ялангуяа залуу гишүүд хоорондын хэлхээ холбоо, солилцоог цаашид улам бүр идэвхжүүлэх эрмэлзэлтэй байна. Манай хоёр улс бүхий л салбарт “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын “Ниппон” сангийн ерөнхийлөгч, “Сасакава”-гийн энх тайвны сангийн хүндэт тэргүүн Ё.Сасакаваг хүлээн авч уулзлаа.
Япон улсад манай улсын залуучуудыг туршлага судлуулж, “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслийн хүрээнд орон нутгийн эмч нарыг дадлагажуулах, Монголын ховор эмийн ургамлын ном товхимол хэвлүүлэх, залуу инженер бэлтгэх “Коосен” хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр Монгол Улсын нийгмийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан “Сасакава” сангийн хамт олонд УИХ-ын дарга талархал илэрхийллээ. Монгол Улс, Япон Улс нь бүхий л салбарт “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, цаашид иргэд хоорондын солилцоог улам бүр эрчимжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр талууд онцлон хэллээ. Түүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тус улсын Токиогийн их сургуулийн профессор Х.Эсакиг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтын үеэр Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их хурал өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов