Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн...

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна

Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөс хойш хагас жил болж байна. Ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ?

-Юун түрүүн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлах болсон шалтгаан, нөхцөл юу байв гэдгээс яриагаа эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн хавар стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн гурилын хомсдолоос үүдэн үнэ өссөн. Иргэд чанартай гурилыг зохистой үнээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл Монгол Улс улаанбуудайгаа тариалж, гурил үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээгээ боломжоороо хангадаг орон. Харамсалтай нь импортоос 100 хувь хамааралтай бензин, шатахууны үнэ 60 хувиар өссөн байхад 2022 оноос хойш гурилын үнэ 89 хувиар өссөн гэх судалгааны дүн гарсан. Тэгэхээр үүнд төрийн зохицуулалт хийх шаардлага үүссэн хэрэг. Иймд уг хуулийг баталж, тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн.  

Нийгмийн нэг хэсэг нь төр, чөлөөт зах зээлийн системд хөндлөнгөөс оролцож, үнэ зохицуулах нь зохимжгүй гэж үздэг. Нэг талаас тэдний зөв. Гэвч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдрал, өрхийн орлоготой шууд хамааралтай  байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр боорцог, гамбир хайрч өл залгуулдаг олон мянган өрх байна. Гэр хорооллын хүнсний талон авдаг айлуудаар ороод үзээрэй. 10 кг гурилаар долоо л хонодог айлууд олон.

Тэгэхээр төр, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, бид ажиллаж байна. Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолд найман арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. Тиймээс хууль, тогтоолын хэрэгжилт үр дүнг судлан тогтоохоор ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна. Өнгөрсөн хугацаанд тариалангийн бүс нутгаар явж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэр, тоног төхөөрөмж импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахын зэрэгцээ нийслэлийн зах худалдааны төвүүдэд очиж бизнес эрхлэгчид, хэрэглэгчидтэй санал солилцож, нөхцөл байдлыг олон талаас судлахаар өргөн хүрээнд ажилласан.

Өнөөдрийн байдлаар гурилын үнэ буураагүй ч бас өсөөгүй, тогтвортой байна. Төрөөс газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл, урамшууллыг багагүй олгосон байдаг. Тухайлбал, үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд тариалан эрхлэгчдийн улаанбуудайг худалдаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх жишээтэй.

Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ килограмм нь 5000 төгрөгт хүрсэн байхад тариалангийн салбар нь дагаад зүй ёсоор хөгжих ёстой. Гэтэл эл салбар уналтад ороод байгааг манай ажлын хэсэг тогтоогоод байна. Тэгэхээр нэн түрүүнд тариалан эрхлэгчдээ төрөөс бодлогоор дэмжих ёстой гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. 

Гурил стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг тул дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадахуйц энэ салбарт цаашдаа ямар бодлого барьж, төрийн дэмжлэгийг хаана үзүүлж, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь чухал. Ажлын хэсэг үүнд анхаарч ажиллаж байна.

-Ажлыг хэсгийн ажлын үр дүн нь хууль эрх зүйн орчин, цаашлаад иргэд, нийгэмдээ хэр эерэг нөлөө үзүүлсэн бэ гэдгээр хэмжигдэх нь дамжиггүй. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэр нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна вэ?

Цагаан сар дөхөхөөр гурилын үнэ өсдөг. Тэр үед л үнийн өөрчлөлтгүй байвал төр зөв бодлого барьсан нь харагдана.

Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн экспертүүдийг урьж ажиллуулаад улаанбуудайн үрийг газарт суулгахаас эхлээд ургацаа хураан гурил болгон хэрэглэгчийн гарт хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бодитой судалгаатай хандаж асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН