Нүүр хуудасМэдээУИХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.11.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад эхлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх гэж буйтай холбогдуулан үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүний эрх, жендерийн асуудал нь Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд УИХ төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, парламент дахь иргэдийн итгэлийг бэхжүүлэх гэсэн бодлогын 3 дугаар зорилгод хүний эрх, жендерийн асуудал хамаарч байна. Иймд 2022 оны наймдугаар сард ОУПХ,  Монгол Улсын Их Хурал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү  хамтын ажиллагаа нь хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламентыг бүрдүүлэх замаар парламентын шийдвэр үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэсэн. Энэ хүрээнд ОУПХ-ны боловсруулсан аргачлалаар парламентын хүний эрх, жендерийн мэдрэмжийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээг ирэх 7 хоногт хийнэ. Арваннэгдүгээр дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улсын Их Хурлын “Их эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимуудад ОУПХ хамтран зохион байгуулахаар болсныг онцолсон.

Мөн ирэх долоо хоногт ОУПХ-ноос олон улсын зөвлөхүүд ирж хүний эрх, жендерийн мэдрэмжийн үнэлгээг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ. Хүний эрхийн үнэлгээг олон улсын хэмжээнд анх удаа Монголд хийх гэж байна. Харин жендерийн асуудлаарх үнэлгээг өмнө нь Швед, Турк, Бангладеш, Руанда, Чили, Уганда, Кени, Танзани, Гүрж, Их Британи, Колумб, Серби улсуудын парламентад хийж байсан. Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх өөрийн үнэлгээ нь Улсын Их Хурлыг хүний эрх, жендерийн мэдрэмжийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр илүү үр дүнтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой гэж байлаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ энэ үнэлгээний зөвлөмжөөс холбогдох асуудлыг Улсын Их Хурлын энэ удаагийн болон дараагийн 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөндөө тусгана гэдгийг дурдаад үүнд Улсын Их Хурлын гишүүдийг идэвхтэй оролцохыг хүсэв.

Хуралдаан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай (Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах) асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулсан.  

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэдгийг онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд гишүүдийн 65.2 хувь нь  дэмжлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнийг Ц.Сандаг-Очир гишүүн санал, дүгнэлтдээ онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх. эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.” гэж өөрчлөн найруулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь заалтын 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Мөрдөн шалгах” гэсний өмнө“Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч,” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.  

Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН