Нүүр хуудасМэдээУИХ: ҮББХ: Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ: ҮББХ: Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.17/ хуралдаан 09 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ, тус компани 2018 онд байгуулагдсан  бөгөөд  тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагааны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, хямд үнэ бүхий хөнгөлөлттэй үнээр нийслэлийн ард, иргэдийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангахад чиглэснийг онцлоод Цаг уур, орчны шинжилгээний газраас РМ2.5 тоосонцор 56, РМ10 тоосонцор 43 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулаад байна гэв.

Мөн тэрбээр, хөнгөлөлттэй үнээр нь ард, иргэдийг шахмал түлшээр хангаж байгааг дурдахын зэрэгцээ шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж, нийслэлийн 7 дүүргийн 650 цэгээр өнөөдрийн байдлаар 2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэн борлуулаад байна гэж байлаа.

Түүнчлэн түүхий нүүрс нэг галлагаагаар 4-5 цаг, шахмал түлш 7-8 цагийн шаталттай байгаа нь үнийн хөнгөлөлтөөс айл өрхөд хэмнэлт үүсэж байна. Тухайлбал, нэг айл өвөлдөө дунджаар дөрвөн тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол одоо 2.8 тонн шахмал түлшээр өвлийг давдаг гэсэн тооцоо судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрстэй харьцуулбал нэг өрх айлд 500-600 мянган төгрөгийн хэмнэлтийг бий болгож байна. Үүнийг нийслэлийн 200 мянган айл өрхийн жилийнх хэрэглээгээр тооцвол 100 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн таван жилийн хугацаагаар тооцвол 424.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, санхүүгийн хэмнэлтийг үзүүлсэн байна хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.

Тус компани төвийн, баруун, зүүн үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. 2021 оны байдлаар баруун үйлдвэр  нийт ачааллын 78.6, төвийн үйлдвэрт 7.6, зүүн үйлдвэр 13.9 хувийг гүйцэтгэсэн. Цаашдаа баруун үйлдвэрийнхээ үйл ажиллагааг үе шаттайгаар бууруулан зогсоож, төвийн болон зүүн үйлдвэр дээрээ ачаалал авна гэсэн зорилтын дагуу шинэчлэлийн ажлууд хийж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН