“Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй “Уурхайчдын спортын их наадам – 2025”-д оролцохоор ирсэн баг тамирчид, Эрдэнэт үйлдвэрийн Ногоон төгөлд 2000 гаруй бүйлс мод тарилаа. Ингэснээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Уул уурхайн салбарынхан манлайллаа дахин харуулж, спортын их наадмаа нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэн эхлүүлж байна.
Мод тарилтын эхэнд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нар нийт баг тамирчдад хандан спортын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаараа ямагт тэргүүн эгнээнд зогсож, ургуулдаг, нөхөн сэргээдэг уул уурхайг хөгжүүлэхэд салбарын бүхий л аж ахуйн нэгж, байгууллага, уурхайчин бүр санаачилга, зүтгэлтэй байхыг уриалсан юм.

Эрдэнэт хотод энэ сарын 22-25-ны өдрүүдэд спортын 7 төрлөөр зохион байгуулагдаж буй “Уурхайчдын спортын их наадам”-д уул уурхайн салбарын байгууллагуудын 40 багийн 1800 орчим тамирчин оролцож байна. Тэдний тарьсан 2000 гаруй бүйлс мод ирэх хавраас “Ногоон төгөл”-д үзэмж өнгө нэмэн цэцэглэнэ. Бүйлс мод хавар эрт цэцэглэж, 2.5 метр хүртэл өндөр ургадаг, гоёмсог бутлаг ургамал юм. Суулгац үрийг Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн ойн мэргэжилтнүүд үржүүлэн, бэлдсэн байна. Тус нэгжийн мэргэжилтнүүд нэг жилд 800 мянган тарьц, суулгацын үр үржүүлэн, ургуулж байна.
Өнөөдөр 12:00 цагаас эхлэн Сагсан бөмбөг, Волейбол, Хөл бөмбөг, Ширээний теннис, Шатар, Дартс, E Sport гэсэн 7 төрлийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд нийт 9 заал, танхимд зэрэг эхлэх юм. “Уурхайчдын спортын их наадам”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаа, нийт тамирчдын нэгдсэн жагсаал өнөөдөр 18:00 цагт Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарди” паласт болно.

“УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ-2025”-ЫН НЭЭЛТ БОЛЛОО
“Уурхайчдын спортын их наадам-2025” албан ёсоор эхэллээ Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг бүтээх эрхэм зорилготой уурхайчид Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон төгөл”-д мод тарьж, спортын наадмын зорилго агуулга, ач холбогдлыг илэрхийлсэн бол үүрд хадгалах цомын төлөөх хурд, хүчний тэмцээний нээлт Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарди” паласт боллоо. Спортын наадмын зочин баг, тамирчид “Хангарди” паласт цагаан толгойн үсгийн дарааллаар эгнэн жагсаж, байгууллага, багийн нэр, сүлд тугаа өргөн, хөгжөөн дэмжигчдэдээ танилцуулав. Уул уурхайн салбарын бүхий л байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, зогсох эрхгүй хүнд хөдөлмөр эрхэлдэг уурхайчдыг спортоор нэгтгэн, нөхөрлүүлдгээрээ Уурхайчдын спортын их наадам өргөн цар хүрээ, өндөр ач холбогдол, үүрэг зорилготой юм. Энэ удаагийн спортын их наадамд уул уурхайн 40 багийн 1800 гаруй уурхайчин тамирчид оролцож, спортын 7 төрөлд дөрвөн өдрийн турш хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр ийнхүү Хангарди паласын спортын их танхимд цуглалаа.
Нээлтийн ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Өнөмөнх, Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Захиргаа, удирдлага санхүүгийн газрын дарга Д. Баярбат нарын удирдлагууд оролцон, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.
Уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн шилдэг тамирчдын төлөөллүүд төрийн далбаагаа хүндэтгэлтэйгээр өргөн мандуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг ёслол төгөлдөр дуулж, нийт баг, тамирчдын сүлд, зоригийг бадраалаа. Ийнхүү “Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор “Уурхайчдын спортын их наадам-2025” эхэллээ.