Нүүр хуудасМэдээХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.08.23) хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг сонсов. Нэр дэвшигч Энэбишийн Золзаяагийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл … Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Нэр дэвшигч Э.Золзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай. Эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль,1988-1994 онд ОХУ Москва хот дахь Нийтийн ахуй, үйлчилгээний улсын академийн инженер техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн Тамгын газар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэгдүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч төрийн албанд 24 жил 7 сар, шүүгчээр 19 жил 9 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажиллаж байгаа хэмээн Л.Энхбилиг дарга танилцуулав. Э.Золзаяа нь холбогдох хуулиудад заасан шалгууруудыг бүрэн хангаж байгаа, хууль зүйн дээд боловсролтой,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдэж, нөөцийн оноогоор нэгдүгээрт жагссан хяналтын шатны шүүхийн шүүгчийн нөөцийн оноотой нэр дэвшигчдээс нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг танилцуулав.

Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу нэр дэвшигч Э.Золзаяа сонгон шалгаруулалт болон шүүхийн хэрэг маргааныг хуваарилах үйл явцын талаар мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын дээд шүүх нь бусад шүүхээсээ ялгаатай, хууль зүйн хувьд доод шатны шүүхүүдэд хэрэг маргаанаа хэрхэн, яаж шийдвэрлэх талаар хуулийн тайлбарыг хийх хэмжээний эрх мэдэлтэй гэдгийг онцлоод дээд шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаатай холбоотой байр суурийг лавлаж, хариулт авсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд “…шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах …” зохицуулалттайг Э.Золзаяа шүүгч дурдаад энэ дагуу үүргээ гүйцэтгэж байгаа хэмээн үзэж буйгаа тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүгч нар Улсын дээд шүүх рүү шилжин ажиллах сонирхол хэр байдгийг, нэр дэвшигчийг Шүүхийн сахилгын хороонд дуудагдаж байсан эсэхийг тодруулсан бол Х.Баасанжаргал гишүүн нэр дэвшигчийг тодорхой хугацаанд Хуульчдын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж байсан тохиолдлын талаар, С.Эрдэнэболд гишүүн Улсын дээд шүүхийн жендэрийн харьцааны талаар лавлаж, үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлээд шүүхийн үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур, итгэл алдарсан байдалтай байгааг дурдан Улсын дээд шүүхийн шүүгчид манлайлал үзүүлж, олон нийтэд шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах чиглэлээр анхаарал хандуулахыг санууллаа.

Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчид хандан үг хэлэв.

Хууль зүйн байнгын хороо ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх саналтай танилцсан бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонссон талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН