Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тхай хууль энэ оны арван...

ХЗДХЯ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тхай хууль энэ оны арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

-Монгол Улс анх удаа гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай болж, хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хуулийн төслийн талаар яриагаа эхлүүлье?

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг энэхүү хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлж, 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль \анхдагч хууль\-ийг баталсан.

Уг хуулийг 2026 оны арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хууль нь хүүхэд төвтэй, хүүхэд хамгааллын тогтолцооны нэгдмэл байдалд суурилсан байдлаар гэр бүлийн хэргийг шийдвэрлэх  шинэлэг процесс ажиллагааны журмыг бий болгож байгаагаараа онцлог бөгөөд анхдагч.

Тухайлбал, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгаж, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг шүүхийн ажиллагааны салшгүй хэсэг болгохын сацуу хүүхэд хамгааллын тогтолцоо болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай уялдуулан зохицуулж байгаа нь онцлог юм. Ингэснээр гэр бүлийн маргааныг зөвхөн эрх зүйн маргаан гэж үзэхээс илүүтэйгээр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн харилцаа, хамгааллын хэрэгцээг цогцоор нь харгалзан шийдвэрлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой.

-Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаагаа эхэлнэ. Нийслэл дэх гэж тодотгосны учир юу вэ?

– Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Монгол Улсад анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх тус шүүх нь Нийслэлийн Багануур дүүргээс бусад Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалан ажиллана.

Ази тивийн хувьд гэр бүлийн дагнасан шүүхийн тогтолцоо анх Япон Улсад 1949 онд бий болсон бол БНСУ-ын дагнасан гэр бүлийн шүүх болох Сөүл хотын Гэр бүлийн шүүх 1963 оны 10 дугаар сарын 1-нд байгуулагдсан, Азийн хоёрдахь дагнасан гэр бүлийн шүүх бөгөөд гэр бүлийн болон өсвөр насны хүний хэргийг дагнан шийдвэрлэх тогтолцоог нэгтгэн хэрэгжүүлж ирсэн байдаг.

Монгол Улсын хувьд гэрлэлт цуцлуулах зэрэг гэр бүлийн хэргийн дийлэнх буюу ойролцоогоор 60 хувь нь нийслэлийн хэмжээнд шийдвэрлэгддэг тул хэргийн ачаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт үндэслэн нийслэлд анхны дагнасан тойргийн шүүхийг байгуулахаар болсон. Тус шүүх болон Багануур дүүргийн шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн гэр бүлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Харин хөдөө, орон нутагт гэр бүлийн хэргийн тоо харьцангуй бага тул одоогоор тусгайлан дагнасан шүүх байгуулахгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн ердийн шүүх Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэнэ.

Энэ нь орон нутагт гэр бүлийн хэргийг мэргэшсэн байдлаар шийдвэрлэх шаардлагагүй гэсэн үг биш юм. Харин дагнасан шүүх байгуулах хэмжээнд хэргийн ачаалал, нөөцийн хэрэгцээ бүрдээгүй тул гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн шүүгч, шүүхийн ажилтныг бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр байна. БНСУ-ын туршлага ч үүнтэй төстэй. Тус улс анхны гэр бүлийн шүүхээ 1963 онд зөвхөн Сөүл хотод байгуулж, улмаар хэргийн хэрэгцээ, ачаалалд үндэслэн бусад бүс нутагт үе шаттайгаар өргөжүүлсэн. Тухайлбал, Бусан хотод 2011 онд, Дэжон, Дэгү, Гуанжү хотод 2012 онд гэр бүлийн шүүхүүд байгуулагдсан байна. Харин гэр бүлийн шүүх байгуулагдаагүй бүс нутагт тухайн дүүргийн шүүх болон салбар шүүх нь гэр бүлийн болон өсвөр насны хүний хэргийг хянан шийдвэрлэдэг хэвээр байна. 

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн маргааныг шийдвэрлэх шүүхийн тогтолцоонд шинэ үе шат эхэлж байна.

Энэ хүрээнд дагнасан шүүх, мэргэшсэн шүүгч, мэргэшсэн шүүхийн захиргааны ажилтан, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч зэрэг мэргэжлийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн шүүхэд хандсан иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх, тэднийг гэр бүл, хүүхэд хамгааллын холбогдох үйлчилгээ, байгууллагатай холбон зуучлах, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын тогтолцоотой уялдаа холбоотой ажиллах зэрэг шинэ чиг үүрэг, арга барил нэвтэрнэ.

Ингэснээр шүүх нь зөвхөн маргааныг шийдвэрлэдэг байгууллага байхаас гадна гэр бүлийн харилцааг хамгаалах, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах, шаардлагатай үйлчилгээ, хамгаалалтай холбон зуучлах, маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх цогц тогтолцооны нэг хэсэг болж байна. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэнээр гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд төвтэй, мэргэшсэн, олон талын оролцоонд суурилсан шинэ хандлага, арга зүй, тогтолцоо бүрэлдэж байна.

 -Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ямар асуудлыг шийдвэрлэх вэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн харьяалалыг тодруулахгүй юу?

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх гэр бүлийн хэрэг, үүнд тухайлбал, гэрлэлт цуцлуулах зэрэг нэхэмжлэлээр үүсдэг ердийн журмаар шийдвэрлэдэг хэргүүд, эцэг эх байх эрх хасах, хязгаарлах, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, эрх зүйн чадамж хязгаарлах зэрэг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг хүсэлтээр үүсдэг хэргүүд, түүнчлэн өсвөр насны хүн /14-өөс 18 хүртэлх насны хүүхэд/-ий үйлдсэн эрүүгийн хэрэг, хүүхдийн үйлдсэн зөрчлийн хэргийг харьяалан шийдвэрлэнэ. Харин Нийслэлийн Багануур дүүргийн шүүх болон бусад сум, сум дундын шүүхийн хувьд дагнасан гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдаагүй боловч хуульд заасан харьяаллын дагуу гэр бүлийн хэрэг болон өсвөр насны хүний үйлдсэн эрүүгийн хэрэг, хүүхдийн үйлдсэн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэнэ. /Энэ удаад гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх шинэлэг зохицуулалтаа танилцуулах болно.

-Шүүхийн үйл ажиллагааны онцлог, давуу тал?

Шүүгчийн өөрийн санаачилгаар хийх ажиллагаа буюу хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зорилгоор гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн талуудын оролцоогоор хязгаарлахгүй, шүүхийн санаачилгаар хэрэгжүүлэх ажиллагаа болон хүүхэд хамгааллын тогтолцоо нэгдмэл байдлаар ажиллах шинэ зохицуулалтыг бий болгож байна. Шаардлагатай тохиолдолд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан аюулын зэргийн, 32 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.2.3-т заасан эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээг шүүгч өөрийн санаачилгаар хийлгүүлэхээр даалгах тухай захирамж гаргах, холбогдох байгууллага, хувь хүнээс дансны мэдээлэл, хөрөнгийн байдал, орлого, боловсролын байдал болон бусад шаардлагатай мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт, баримт гаргуулах, мэдүүлэг авах арга хэмжээг авдаг болж байгаа юм.  

Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээх, хүүхдэд ээлтэй, түүний дээд ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг хэрхэн гаргах вэ гэдэгт шүүх илүү өргөн хүрээнд анхаарах боломж бүрдэнэ.

Тухайлбал, хүүхдийн асрамжийг хэн хариуцах, тусдаа амьдрах эцэг, эх хүүхэдтэйгээ хэзээ, хэрхэн уулзах, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил зэрэг чухал асуудлаар хэн шийдвэр гаргах зэрэг асуудлыг хүүхдийн нас, хэрэгцээ, нөхцөл байдал, гэр бүлийн харилцаа болон дээд ашиг сонирхолд нь нийцүүлэн тал бүрээс нь судалж, оновчтой шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас, хүүхэд, гэр бүлийн гишүүдэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх урьдчилсан хамгаалалтын арга хэмжээг шуурхай авч, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэтгэлэг болон шаардлагатай дэмжлэгийг тасалдуулахгүй байх боломжтой болно.

Ингэснээр гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь зөвхөн маргааныг шийдвэрлэх бус, хүүхдийн эрх, аюулгүй байдал, хөгжил, дээд ашиг сонирхлыг бодитоор хангах чиглэлд төвлөрнө.

-Хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хүүхэд, гэр бүлийг хамгаалах урьдчилсан арга хэмжээ хэрхэн зохицуулагдаж байгаа вэ?

-Шүүгч дараах арга хэмжээг өөрийн санаачилгаар, эсхүл талуудын хүсэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө урьдчилан авч болно гэж тусгасан.

  • насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх, нэмэлт зардлыг гаргуулах;
  • хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах;
  • хүүхдийг эцэг, эсхүл эхтэй хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, шүүхээс томилсон сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчийн хяналтад, эсхүл дангаар уулзуулах түр хуваарь гаргах;
  • аюул учруулж болзошгүй гэрлэгчийг гэрээсээ өөр газарт байхыг даалгах;
  • гэрлэгчид уулзах, ойртох болон аливаа хэлбэрээр харилцаа тогтоохыг хориглох;
  • Хүүхэд хамгааллын хуульд заасан чиг үүргүүдээсээ тохирсон арга хэмжээ авахыг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд даалгах;
  • гэрлэгч хэн нэгийгээ тэжээн тэтгүүлэх;
  • орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах, захиран зарцуулахыг хориглох.

Урьдчилсан арга хэмжээ тогтоосон шүүгчийн захирамжийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн санал, эсхүл зохигчийн хүсэлтээр шүүгч хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шийтгэвэр гарган зөрчил гаргасан зохигч, түүний төлөөлөгчийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөгөөр торгож, албадан ирүүлэх захирамж гаргаж болно. Урьдчилсан арга хэмжээ тогтоосон шүүгчийн захирамжийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн санал, эсхүл зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зөрчил гаргасан зохигч, түүний төлөөлөгчид 250 хүртэлх нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр оногдуулж, шаардлагатай тохиолдолд албадан ирүүлэх тухай захирамж гаргаж болно.

Ийнхүү гэр бүлийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүүхэд, гэр бүлийн гишүүнийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэтгэлгийг тасралтгүй олгуулах зэрэг яаралтай хамгааллын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн шүүхийн урьдчилсан арга хэмжээг биелүүлээгүй этгээдэд шүүгч цаг алдалгүй хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий болж байна.

-Шүүхэд бий болох хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний талаар?

-Шүүхэд хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн ажиллах бөгөөд тухайн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлагыг мэргэжлийн түвшинд үнэлж, шинжлэн судлан, тайлангаа шүүгчид танилцуулна. Ингэснээр шүүх гэр бүлийн маргааныг зөвхөн талуудын гаргасан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэхээс гадна хүүхдийн бодит нөхцөл байдал, хэрэгцээ, аюулгүй байдал, сэтгэл зүйн болон нийгмийн орчин, дээд ашиг сонирхлыг мэргэжлийн үнэлгээ, судалгаанд үндэслэн цогцоор нь харгалзан шийдвэрлэх боломж бүрдэнэ. Гэхдээ энэхүү зохицуулалт 2027 оны төсвийн хуулиар орон тооны зардлыг шийдвэрлэсний дараа буюу 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжинэ.

-Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрх гэж багтсан байсан. Ямар тохиолдолд шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрхтэй юм бол?

Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эцэг, эх, эсхүл 14 нас хүрсэн хүүхэд өөрөө, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, хүүхдийн суралцаж буй сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхээс эцсийн шийдвэр гарахаас өмнө хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хөндсөн ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлыг шүүхэд гаргах эрхтэй. Ингэснээр эцэг, эх, хууль ёсны төлөөлөгчөөс гадна хүүхэд хамгааллын байгууллага, мэргэжлийн байгууллага болон бусад холбогдох этгээд шүүхийн ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалахаар идэвхтэй оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах нэмэлт баталгаа бүрдэж байна.

-Эвлэрүүлэн, зуучлах гэж үйлчилгээ байдаг шүү дээ. Шүүхээс өмнөх урьдчилсан эвлэрүүлэн зуучлалын тухай болон эвлэрүүлэн зуучлахгүйгээр шууд цуцалах тал дээр ямар зохицуулалттай байгаа вэ?

 -Гэрлэлт цуцлуулах маргааныг дараах тохиолдолд эвлэрүүлэн зуучлалд заавал хамруулахгүйгээр шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэнэ. Үүнд: 

  • Гэрлэгчид эвлэрэх боломжгүй болсон, эсхүл гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас шалтгаалан гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй буюу учирсан нь тогтоогдсон;
  • Гэрлэгчид таван жил тусдаа амьдарсан, 0-14 насны хүүхэдгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;
  • Гэрлэгчид 18 нас буюу түүнээс доош насны хүүхэдгүй, хөрөнгийн маргаантай боловч гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн.

Ингэснээр таваас доошгүй жил тусдаа амьдарсан, бага насны хүүхэдгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд хэлбэрийн төдий, заавал хамруулахгүй байх нөхцөл бүрдэж байна.  Судалгаанаас үзэхэд, тусдаа амьдраад удсан гэрлэгчдийг урьдчилан эвлэрүүлэн зуучлалаар орууллаа гээд эвлэрсэн тохиолдол маш цөөн байдаг. Хэдийгээр тусдаа амьдраад удсан гэрлэгчдийг шууд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг нь шүүх хүлээн авч шийдвэрлэх ч гэсэн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд эвлэрэх, цуцлахгүй байхад хүрэх бүрэн боломжтой.

Гэрлэлт цуцлуулах маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч явуулах бөгөөд эвлэрүүлэн зуучлагч нь хүүхэд, гэр бүлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх тусгай шаардлага тавигдана.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хувьд

шинээр батлагдсан хуулиар гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлэх шинэ тогтолцоо бий болж байна. Одоогоор шүүхэд хэрэг үүсгэхээс өмнөх шатанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа явуулдаг бол  хэрэг үүссэний дараа талуудыг эвлэрүүлэх тусгай баг, тогтолцоо, нөөц боломж шүүхэд бүрдээгүй байв.

Харин шинэ зохицуулалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрүүлэн зуучлах боломжийг бүрдүүлж байна. Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлал буюу family mediation нь гэр бүлийн шүүхийн тогтолцоотой улс орнуудад өргөн хэрэглэгддэг бөгөөд талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгодог.

Гэрлэлт цуцлагдсан ч эцэг, эхийн харилцаа, хүүхдийн асрамж, уулзах хуваарь, тэтгэлэг зэрэг асуудал цаашид үргэлжилдэг. Тиймээс эдгээр асуудлыг талууд өөрсдөө, мэргэжлийн дэмжлэгтэйгээр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавин тохиролцож чадвал шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд илүү тогтвортой, талуудын сэтгэл ханамж өндөр, хүүхдэд урт хугацаанд ээлтэй байх ач холбогдолтой.

Иймд гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэн зуучлах боломжийг бий болгосон нь маргааныг зөвхөн шүүхийн шийдвэрээр бус, талуудын зөвшилцөл, хүүхдийн дээд ашиг сонирхолд тулгуурлан шийдвэрлэх шинэ хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Уг зохицуулалт нь шүүхэд сэтгэл зүйч ажиллуулахтай холбоотой төсөв, санхүүгийн нөхцөл бүрдсэнээр 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шүүгч шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар, эсхүл талуудын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэн зуучлалын багийн туслалцаатайгаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахуулж болно. Энэ нь гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг анх удаа нэвтрүүлж буй онцлог зохицуулалт юм.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахаа больё гэж эвлэрээгүй тохиолдолд ч эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Тухайлбал, гэрлэлт цуцлахтай холбоотой хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлалын багийн туслалцаатайгаар харилцан тохиролцож болно. Ингэснээр талуудын маргааныг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг шүүхийн шийдвэрээр бус, харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх, улмаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн тогтвортой тохиролцоонд хүрэх боломж нэмэгдэж байна.

-Хүний хувийн амьдрал бол хүний үнэт зүйл. Гэтэл шүүх хурал нь нээлттэй явагдаад байдаг. Энэ хуульд шүүх хурлыг хаалттай байхаар тусгасан гэсэн?

-Тийм ээ. Гэр бүлийн хэргийн шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд хаалттай явуулна гэж заасан.

  • хүүхдийн асрамж, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоолгох;
  • тэжээн тэтгэх, тэтгүүлэх;
  • хүүхдийн эцэг, эхийг тогтоолгох;
  • эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасуулах, эсхүл сэргээх;
  • хүүхэд үрчлэлт;
  • асран хамгаалах, харгалзан дэмжих,
  • гэрлэлт цуцлуулах,

Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор дээрхээс бусад гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулах тохиолдолд шууд дамжуулах болон олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэхийг хориглоно гэж заасан байгаа.

-Гэр бүл цуцлахтай холбоотой тэтгэмж, хүүхдийн асрамж, эцэг, эхтэй уулзуулах зэрэг  нь асуудал үүсгэдэг. Үүнийг Гэр бүлийн шүүх болон хуульд хэрхэн тусгасан бэ?

-Хамгийн чухал асуудал бөгөөд шинэ хуулийн хүрээнд маш том өөрчлөлтүүд хүүхдээщд ээлтэй байдлаар орсон. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хамт хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарийг тогтоож шийдвэрлэнэ.

Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн байдлаар талууд өөрөөр тохиролцоогүй бол шүүх хүүхдийн асрамжийг авсан талд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгох бөгөөд тусдаа амьдрах эцэг, эсхүл эх хүүхдийн талаар мэдээлэл авах эрхтэй. “хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх” гэдэгт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад удаан хугацаагаар зорчих, шашин шүтэх, эс шүтэх, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх дугуйланд сургах зэрэг хүүхдийн хөгжил, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах талаар шийдвэр гаргах эрхийг ойлгоно.Тэгэхээр асрамж авсан тал хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах нь, гэхдээ эвтэй найрамдалтай бол эцэг, эх харилцан тохиролцож хамтра шийдвэр гаргаж болно.

Харин хүүхдийн асрамж, уулзах хуваарийг тогтоохдоо харгалзах нөхцөлд

  • хүүхдийн бие махбод, оюун санаа, сэтгэлзүй, нас, хөгжлийн онцлогт нийцсэн хэрэгцээ;
  • хүүхдийн эцэг, эх, ах, эгч, дүү, эмээ, өвөө болон хүүхдийн амьдралд чухал нөлөө бүхий бусад хүнтэй тогтоосон харилцаа;
  • эцэг, эхийн хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэхэд оролцож байсан оролцооны байдал, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо;
  • хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэх төлөвлөгөө, хүүхэдтэй харилцах чадвар, эцэг, эхийн амьдралын хэв маяг, эрүүл мэнд, эрхэлсэн ажил, ажлын цаг;
  • ёс зүй, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд үзүүлэх нөлөө.

Хүүхдийг эцэг, эсхүл эхтэй хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, шүүхээс томилсон бусад этгээдийн хяналтад, эсхүл хяналтгүйгээр уулзуулах хуваарийг шүүх тогтооно.Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл, аюул заналтай тохиолдолд хяналтан дор уулзах хувилбар байх нь хүүхдийн аюулгүй байдал, ашиг сонирхолд нь нийцнэ.

Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшилсан гэж үзвэл хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтоосон шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр хүүхдийн эцэг, эсхүл эх энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрчлүүлэх боломжтой.

Мөн хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн санал, эсхүл 14 насанд хүрсэн хүүхэд, эсхүл хүүхдийн эцэг, эсхүл эхийн хүсэлтээр шүүгч хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шийтгэвэр гарган зөрчил гаргасан эцэг, эсхүл эхийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөгөөр торгож, албадан ирүүлэх захирамж гаргаж болох буюу дан ганц шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэх гэж албадах бус, шүүгчийн хяналтад шүүгч хариуцлага тооцох шинэлэг ач холбогдолтой зохицуулалт бий болсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН