Нүүр хуудасМэдээХЗДХЯ: “Сувилахуйн манлайлал-сувилагч ба эрх зүй” уулзалт, хэлэлцүүлэг болжээ

ХЗДХЯ: “Сувилахуйн манлайлал-сувилагч ба эрх зүй” уулзалт, хэлэлцүүлэг болжээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран “Сувилахуйн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг “Сувилахуйн манлайлал-Сувилагч ба эрх зүй” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.05.02) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, хороодын төлөөлөл бүхий 160 гаруй сувилагч мэргэжилтэн оролцож, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ сүүлийн таван жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын 190 гаруй эмч, сувилагч, мэргэжилтэн хууль хяналтын байгууллагад шалгагдсанаас 90 орчим хүн ял шийтгэл хүлээсэн харамсалтай статистик байгааг дурдаад салбарын хэмжээнд энэ чиглэлд анхаарал хандуулах болсныг санууллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Ажил нь хариуцлагатайн хэрээр амьдрал нь хангалуун байх төрийн бодлого сувилагчдад агаар, ус мэт хэрэгтэй байна. Сувилагчдын орон тооны дутагдал, нийгмийн асуудал, ажиллах орчин болоод салбарын өөрчлөлт, шинэчлэлийн төлөө хамтдаа хичээе” гэлээ.

Оролцогчдын зүгээс мөн Монгол Улсын хэмжээнд сувилагч мэргэжлийн хомсдолд орсноос үүдэлтэй ажлын хэт ачаалал, цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй байгааг хөндөж, энэ чиглэлд анхаарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараас хүсэв. Улмаар уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд эрүүл мэндийн салбарын хэмжээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого шийдвэрт дорвитой оролцож, нөлөөлөл үзүүлэхийг төр, засгийн төлөөллөөс хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН