Иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын Хуульчдын холбооноос санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Хуульчийн про боно–2025” өдөрлөг улс орон даяар амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид, төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, хууль зүйн туслалцаа, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.
Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлаг, байгууллагууд энэхүү нийгмийн хариуцлагын санаачилгыг дэмжин, тогтмол оролцсоор ирсэн билээ.

Тэгвэл энэ жил Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг агентлаг, байгууллагууд илүү өргөн хүрээнд хамтран оролцож, байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн талаар анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шууд үзүүлж буй нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн юм.
Энэ жилийн хувьд өдөрлөгийг зөвхөн нийслэлийн төв талбайд төвлөрөхгүйгээр, улсын хэмжээнд 21 аймгийн төв талбай, нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд, алслагдсан хороод, мөн анхан шатны болон хялбаршуулсан журмаар ажилладаг шүүхүүдийн гадна талбайд зэрэгцэн зохион байгуулсан нь хууль зүйн туслалцааг иргэд илүү ойроос, хүртээмжтэй байдлаар авах бодитой, үр дүнтэй нөхцлийг бүрдүүлж чадлаа.
