УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, санал бодлоо хуваалцлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: Хуульчдыг бэлтгэж байгаа систем буруу байна. Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байхав дээ. Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салж болохгүй юу. Орчин үед банкны мэргэжилтэнг математик болон физикийн салбараас бэлтгэж байна. Хуулийн бакалаврын бусад чиглэлээр сурдаг хүүхдүүдийн дундаас бэлтгэмээр байна. Хуульч бэлтгэх орой, эчнээ ангийг устгах хэрэгтэй. Хуульч болох гээд хошуураад байгаа хүмүүст чанаргүй боловсрол эзэмшүүлдэг явдлаа болимоор байна. Хүний хувь заяа шийддэг мэргэжил шүү дээ. Бакалавр суурьтай хүмүүсийг хуульчаар бэлтгэх хэрэгтэй. Харин 10 жилээ төгссөн хүүхэд хуульчаар сурна гэдэг байж болохгүй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй гэдэг асуудлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулж ирсэн.
Бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалтыг мөн хуульд тусгасан. Эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор хуульчилсан. Хуульчдын холбоог байгууллагын хууль гэдэг утгаар харахаас илүүтэй энэ хуулийн үзэл баримтлалын гол агуулга бол хуульчдын өөрийн удирдлагын байгууллага, энэ байгууллагын боловсон хүчинг яаж бэлтгэх, яаж сонгон шалгаруулах, урт хугацааны сургалтад хэрхэн хамруулах, өөрийн удирдлагаа дотооддоо хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн ирээдүйн хуульчдаа ямар болзол шалгуураар сургалтын агуулгыг нь явуулах уу гэдэг агуулгаар хуулийн төслийн үзэл баримтлал бичигдсэн.
Бидний энэ хуулийн төслийн бас нэг агуулга нь цаашид хууль зүйн сургалт олгож байгаа их, дээд сургуулиудад хичээлийнхээ 30-аас доошгүй хувийг хувийн эрх зүйн чиглэлээр судлах талаар төсөл боловсруулсан” хэмээн хариуллаа.