Нүүр хуудасМэдээХ.Нямбаатар: Ард нийтийн санал асуулгаар ард түмнээрээ батлуулж шийдүүлэх нь зүйтэй

Х.Нямбаатар: Ард нийтийн санал асуулгаар ард түмнээрээ батлуулж шийдүүлэх нь зүйтэй

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болсон. Энэ ажлыг зохион байгуулах иргэдээс санал авахад 29 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдээлж Байсан. Тэгвэл энэ зардлыг 15 тэрбум төгрөгт багтаана гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө дурьдлаа. Мөн ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгчийн гаргасан засаглалын хэлбэр ямар байх, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн эсвэл Парламентын засаглалтай байх эсэхийг ард түмнээс асуух нь  эрх зүйн хувьд боломжгүй гэдгийг хэллээ.  Ингээд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын яриаг хүргэе.

Х.Нямбаатар: МАН-ын бүлгийн 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Уг төсөл нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг даваад гуравдугаар хэлэлцүүлэг нь хоёр янзаар батлагдаж болно. Нэг нь ард нийтийн санал асуулга, нөгөөх нь дахиж 57-оос дээш ирцтэйгээр, 57-оос дээш хүний санал нэгдсэнээр бүх зүйл заалтаар дахин санал хурааж батлах ийм хоёр арга зам байгааг бид ярилцаж байгаад ард нийтийн санал асуулгаар энэ төслийг ард түмнээрээ батлуулж шийдүүлэх нь зүйтэй юм гэдэг шийдвэрт хүрсэн.

Ард нийтийн санал асуулга гэдэг бол бас тусдаа асуудал. Тэр нь юу вэ? гэвэл УИХ-ын нэр бүхий 25-аас доошгүй гишүүн гарын үсэг зурж байж, тогтоолын төсөл их хуралд өргөн бариад гуравны хоёроос доошгүй нь дэмжиж байж ард нийтийн санал асуулга явуулах бас нэг эрх зүй үүсдэг. Нөгөө талаасаа ард нийтийн санал асуулгын тухай хуулиараа Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгын тогтоолын төсөл санаачлах эрх үүсдэг. Тэгэхээр ийм хоёр тусдаа зүйл нэг дор шийдэх боломжгүй юм. Бид анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлт л ярьсан өөрчлөлтөө батлах эцсийн арга замаа ард нийтийн санал асуулга гэж бид шийдсэн. Энэ хэлбэрээрээ явна. Ерөнхийлөгчийн ард нийтийн санал асуулгын тухайд бол их хурал тусдаа хэлэлцэж тусад нь шийдэл гаргах ёстой асуудал. Өөрөөр хэлбэл хоёр өөр агуулгатай зүйлийг нэг дор нэгтгэж болохгүй. Нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, нөгөөх нь Монгол улсын засаглалын хэлбэр ямар байх вэ гэдэг бол хоёр өөр. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар гурав хүртэл асуултаар асуулт тавьж болно л гэсэн зүйлтэй болохоос биш бид урьд нь энэ хуулийг нэг ч хэрэглээнд оруулаагүй байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ хуулийг зөв зүйтэй олон түмэнд сурталчлан таниулж олон нийтээрээ Үндсэн хуулийн өөрчлөлт буюу нийгмийн гэрээг, зөвшилцлийн баримт бичгийг олон түмэнд танилцуулж энэ 10 дугаар сарын сүүлийн амралтын өдрүүдэд санал авах л бидний өмнө тулгамдсан асуудал. Энийг бид нар шийдэж дуусах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Хэрвээ энэ Үндсэн хуулийн өөрчлөлт явах юм бол бид нар хамгийн багадаа 20-30 органик хуулийг шинээр батлаж гаргах шаардлага гарна. Ашигт малтмалын хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Их хурлын тухай хууль, дэгийн тухай хууль гээд 20-30 хууль гарна гэсэн урьдчилсан тооцоог Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд ярилцаж байгаа. Тийм учраас ажлаа шуурхайлах хэрэгтэй байна. Ирэх 2020 оны таван сараас үйлчилж эхлэхээр байгаа.

Ер нь бол чамлахаар чанга атга гэдэг өөрчлөлт орсон.

  • Засгийн газраа тогтвортой ажиллуулах
  • Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох
  • Төсвийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хорогдуулдгийг багасгах
  • Их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг
  • Давхар дээл, дан дээлний асуудлыг нэг талдаа шийдсэн
  • Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг хуулиар чангатгаж өгсөн
  • Баялгийн сантай болох эхний оролдлогууд хийгдсэн гээд энэ болгон нь өөрөө Үндсэн хуульд жижиг өөрчлөлт гэж байдаггүй.

Үндсэн хуульд орж байгаа нэг өгүүлбэр нь өөрөө нийгмийн бүхэл бүтэн том харилцааг зохицуулах учраас тал талаасаа ойлголцолд хүрмээр байна. Манай АН-ынхан одоо нэг тийм ааштай авгай шиг л байсхийгээд л салж нийлээд гүйдэг энэ зангаа одоо болиод өөрсдийнх нь маш олон саналууд туссан. Одоо энийг цаашаа ард нийтийн санал асуулга болоод ирэх оны төсвийг маш хурдан батлах нөгөө талаасаа гадаад эдийн засгийн байдал маань ямархуу байгааг та нар сонссон саарал жагсаалтын асуудал хүртэл яригдаад байгаа. Энэ үед бие биетэйгээ хагарч бутардаг улс төр хийдэг юм аа түр хойшоо тавиад энэ саарал жагсаалтынхаа ард гарах ийм олон ажлуудыг хийгээсэй л гэж би уриалж байна.

Санал хураалтын зардал 29 тэрбум төгрөгийн тухайд бүлэг дээр багасгая гэж ярьсан. Шууд гарах зардал нь хэд юм, бусад зардлуудаа орон нутгийн төсвүүдэд үүрүүлье. Өөрөөр хэлбэл сурталчлах санал авах энэ ажлуудыг орон нутаг өөрийн гэсэн төсөвтэй бүх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв, засаг даргын тамгын газрын төсөв, засаг даргын нөөц санд нь даалгая, шууд гарах зардлыг бий болгоё, хамгийн багадаа 15-аас доош тэрбум төгрөгт багтааж зохион байгуулахыг бүлэг даалгасан” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН