Нүүр хуудасМэдээӨнгөрснийг босгохгүй, өнчирснийг бүтэн болгохгүй, хагацсаныг нийлүүлэхгүй нь харамсалтай

Өнгөрснийг босгохгүй, өнчирснийг бүтэн болгохгүй, хагацсаныг нийлүүлэхгүй нь харамсалтай

 “Элэг эмтэлж заяа хиртээж

Эрсэдсэн амь тань сэтгэлд сүнслэнэ

Эх орны туг бөхийж

Эх орон тань та нарыг дурсана” гэж Хэлмэгдэгсдийн музейд тодоос тод бичсэн байдаг.

Өнөөдөр бидний жил жилийн намар дурсан, мянгантаа ярьдаг ч учир нь үл олдох, эргэж үл ирэх тийм л түүхийн хар дурсгалт өдөр тохиож байна. Их хэлмэгдүүлэлт гэж бид бүхэн ярьдаг ч чухам яагаад хэлмэгдүүлж, хичнээн мянган хүн амь үрэгдэн золиослогдож, ард нь хичнээн хүн сэтгэлдээ шархтай нүдэндээ нулимстай хорвоог шаналж туулсныг, одоог ч шаналан туулж байгааг хэлж мэдэхгүй биз ээ.  Энэ хэрэгт чухам хэн буруутайг ч шүүн тунгааж шийтгэж чадаагүй билээ.

1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлтэнд өртөж хохирсон олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм. Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг тогтоон цагаатгасан байдаг.

Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэх тоо бий. Их хэлмэгдүүлэлт 1921 онд “Саж ламын хэрэг” гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг. Тодруулбал, Монголын түүхэнд тохиосон аймшигт хэлмэгдүүлэлтийг 3 үед хуваан авч үздэг. Үүнд:

Нэгдүгээр үе: 1920-1944 он. Эдгээр жилүүдэд 28451 хүн баригдаж шийтгүүлснээс 20822 буюу 73 хувь нь буудуулж амиа алдсан гэдэг. 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулах ял оноогдон гүйцэтгэгдсэн бол 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алджээ.

Хоёрдугаар үе: 1940-1955 он. Тусгай комисс байгуулагдаж улс төрийн хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэн хэргийн гэрчийг устгаж, түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байжээ . Тус комисс 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнд хилс хэрэг тулган, амийг нь хөнөөжээ.

Гуравдугаар үе: 1956-1990 он. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн энэ үе Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг чиглэн тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход “анхаарчээ”. Тиймдээ ч 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу, Л.Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн юм. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үедээ амийг нь хөнөөх замаар “хэрэгжиж” байгаад аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, нэр төрийг нь гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах хэлбэрт шилжжээ.

1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод. Гэвч энэ бүх ажил, нөхөн олговор өнгөрснийг босгохгүй, өнчирснийг бүтэн болгохгүй, хагацсаныг нийлүүлэхгүй нь харамсалтай. Бидний хувьд түүхэн хар хэргийн хохирогч болж хэлмэгдсэн тэднийхээ дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.

“Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан

Хар дарсан жилүүдийг

Хамаг Монголчууд бүү мартаг”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН