Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчийг гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүн, чадахуйн зарчим (мерит)-д тулгуурлан, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж алба хаагчдыг албан тушаал шат дараалан шударгаар ахих бололцоог олгох, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийн томилгоо ил тод нээлттэй, шилэн болгох бодлого баримтлан ажилладаг.
Ийнхүү сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан журам, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус тус заасныг баримтлан томилохоос гадна шатлан дэвших зарчмын дагуу удирдах албан тушаалын шат шатны нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг сонгох замаар сул орон тоог нөхөн хангаж хэвшсэн.
Өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сараас эхлэн удирдах албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын зарыг алба хаагчдад нээлттэй зарлан мэдээлэх ажлыг тухай бүрт шуурхай зохион байгуулж, 78 ажлын байранд 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн 54 албан хаагчийг томилоод байна.
Өнөөдөр /2024.09.09/ 14 дэх удаагийн сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулж байна. Энэ удаа 10 сул орон тоонд 33 алба хаагч материал ирүүлснээс шаардлага, шалгуур хангасан 28 алба хаагч өрсөлдөж байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа алба хаагчийг хамт олны дунд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хувь хүний ёс зүй, харилцааны соёл, манлайлал зэргийг тухайн байгууллагын алба хаагчдаас авсан санал асуулгаар тодорхойлж, судалгааны дүнг нэг шалгуур үзүүлэлтээ болгосон. Мөн бие бялдрын болон полиграф ашиглан алба хаагчдын зан төлөвийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж байгаа зэрэг онцлогтой шалгалт болж байна.