Боловсролын салбарын цахим дэд бүтцийг өргөжүүлэх, сургалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “GIGA санаачилга: Сургууль бүрд интернэт, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
GIGA санаачилгын хүрээнд Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн ерөнхий боловсролын сургуулиудыг интернэтээр хангах чиглэлээр МЦХ, Mobinet, Nexmind, G-Mobile, Kewiko компанитай ерөнхий гэрээ байгуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн интернэтийн ашиглалт, үйлчилгээний ерөнхий гэрээг харилцаа холбооны оператор компаниудтай байгуулж, “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” санаачилгыг хэрэгжүүлж байна. Сургуулиудыг эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль болгох санаачилгын хүрээнд ХХБ, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Nexmind, Mobinet, Монголын цахилгаан холбоо ХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
СУРГУУЛИУДЫН ИНТЕРНЭТИЙН ХУРДЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЦАХИМ БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА
НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2019 онд эхлүүлсэн “GIGA” санаачилга нь 2030 он гэхэд дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбож, хүүхэд бүрд цахим боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх зорилготой. Монгол Улс тус санаачилгад 2022 онд нэгдсэн анхдагч орнуудын нэг юм.
Энэ хүрээнд Боловсролын мэдээллийн технологийн төв, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК хамтран орон нутгийн сургуулиудын интернэтийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүллээ.
Ажлын үр дүнд сумын төвийн тоон урсгалын хурдыг 100 Mbps-ээс 1 Gbps, аймгийн төвийн хурдыг 1 Gbps-ээс 10 Gbps болгон нэмэгдүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 98 хувь нь интернэт сүлжээнд холбогдож, интернэтийн үйлчилгээний дундаж хурд 140 Mbps хүрээд байна.
Ингэснээр орон нутгийн сургуулиуд нийслэлийн сургуулиудтай ижил нөхцөл, хурдаар интернэт ашиглах, суралцагчид цахим хичээл, нээлттэй контент, сургалтын хөтөлбөрт орон зай, байршлаас үл хамааран хамрагдах боломж бүрдэж байна.
СУРГУУЛИЙН ОРЧНЫГ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХӨГЖИЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧИЛНЭ
Боловсролын салбарт тулгамдаж буй сургуулийн барилгын насжилт, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ, сургалтын орчны ялгаа, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” буюу ЭНХАУС санаачилгыг хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд ашиглагдаж буй сургуулийн барилга байгууламжийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн зориулалттай барилгын 35.5 хувь нь төвлөрсөн дулааны системд холбогдоогүй байна. Мөн 2026 онд төлөвлөсөн тогтмол зардлын 77.7 хувийг түлш, халаалтын зардал эзэлж байгаа нь сургуулийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Сургуулиудыг эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль болгох санаачилгын хүрээнд ХХБ, Хаан банк, Голомт банк, Төрийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
MEDLE 2.0 ЦАХИМ КОНТЕНТЫН САНГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
Боловсролын яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2019 оноос хөгжүүлж ирсэн MEDLE цахим контентын нэгдсэн санг шинэчилж, MEDLE 2.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Одоогийн байдлаар тус санд ээлжит хичээл 11,265, сурах бичиг 147, теле хичээл 4,024, интерактив контент 230, интерактив дасгал ажлын хуудас 3,500, виртуал лаборатори 805, цахим ур чадвар олгох 413 хичээл буюу нийт 20,000 гаруй контент байршуулжээ.
Шинэчилсэн хувилбарт багш, сурагч, эцэг эхэд зориулсан тусгай булан нээж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн контент хайх, бие даан суралцах боломжийг сайжруулсан байна. Мөн хиймэл оюунд суурилсан ухаалаг хайлтын модуль, дуу хоолойгоор хайх боломжийг нэвтрүүлж, Google Classroom системтэй интеграц хийжээ.
Ингэснээр сурагчид мэдлэг, чадвараа бие даан бататгах, багш нар хичээлээ баяжуулах, эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах үйл явцыг дэмжих боломж нэмэгдэж байна.
“МЭДЛЭ” ЦАХИМ СУРГУУЛЬ БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
Боловсролын яамнаас хөдөөгийн сургуулийн ахлах ангийн сурагчдад сонгон судлах хичээлээ судлах боломж олгох зорилгоор 2022–2023 оны хичээлийн жилээс цахим сургалтыг эхлүүлсэн. Тус сургалтад 2022–2023 онд 14,737, 2023–2024 онд 15,539, 2024–2025 онд 17,453, 2025–2026 онд 16,998 суралцагч хамрагдсан бол 2026–2027 оны хичээлийн жилд 14,164 суралцагч 256 багшийн хичээлд хамрагдаж байна.
Энэхүү туршлагад үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор төрийн өмчийн “Мэдлэ” цахим сургуулийг байгуулсан. Тус сургууль нь газар зүйн байршил, амьдралын нөхцөлөөс үл хамааран бага, суурь, бүрэн дунд боловсролыг цахим болон зайн хэлбэрээр эзэмших боломж бүрдүүлэх юм.
Сургууль нь үндэсний сургалтын хөтөлбөрөөс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй. Суралцагчид сургалтын агуулгыг бүрэн эзэмшсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах боломжтой.
Түүнчлэн гадаад улс оронд амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулан эх хэл, үндэсний бичиг, түүх, соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалыг судлах Монгол хэл, соёлын нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хилийн чанадад амьдарч буй хүүхдүүд үндэсний боловсролын тогтолцоотой холбоотой байж, эх орондоо ирээд үргэлжлүүлэн суралцах боломж бүрдэх юм.
Эдгээр санаачилга, шинэчлэл нь боловсролын салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрд амьдарч буй газар, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэхэд чиглэж байна






