Нүүр хуудасМэдээ“Цонжин болдог” цогцолборт Монголын Үндэсний музей шилдэг үзмэрийн дээжсээ дэлгэнэ

“Цонжин болдог” цогцолборт Монголын Үндэсний музей шилдэг үзмэрийн дээжсээ дэлгэнэ

Монголын Үндэсний музей дотоод, гадаад жуулчдын ихээр зорин очдог аялал жуулчлалын төв “Цонжин болдог” Чингис хааны морьт цогцолбортой хамтран сан хөмрөгөөсөө дээжлэн “Монголчуудын уламжлалт аж ахуй, соёл” тусгай үзэсгэлэнг энэ сарын 5-наас толилуулна.

Үзэсгэлэнд нүүдлийн мал аж ахуй, идээ ундааны сав суулгатай холбогдох үзмэрүүд болон Тайвань Улсын Үндэсний Ордон музейд хадгалагддаг Монголын эзэнт гүрний хаад, хатдын хөргийн 8 хуулбар зэрэг нийт 145 дэсийн 308 ширхэг үзмэрийг дэглэн үзүүлэх юм.

Сонгодог нүүдлийн мал аж ахуйд адууны үүрэг, ач холбогдол үлэмж их учраас монголчууд адууг ихэд эрхэмлэн дээдэлж ирсэн. Тус үзэсгэлэнд монголчуудын адууны соёлыг илтгэх халх, баяд ястны эмээл, улмаар мөнгөн хазаар, ногт, ташуур, хусуур, тамга, олон төрлийн хийц бүхий дөрөө, хүүхдийн эмээл цаашлаад гүүн зэл, айргийн хөхүүр, бүлүүр, хөөрцөг, адууг шүтэх итгэл үнэмшилд бий болсон морин хуур хөгжим зэргийг цогц хэлбэрээр дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.

Адуунаас гадна ердийн хөсгийн тээвэрт түгээмэл ашиглагдах үхэр, тэмээний ачилга уналгатай холбогдох буулга, шоохой, тохош, буйл, бурантаг, таван хошуу малын модон сийлбэр, шатар, үйчүүр тоглоом зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэх юм. Мөн тус үзэсгэлэнгийн нэгээхэн хэсгийг монголчуудын гал голомт тулга тогоо, домбо, ур үндсээр хийсэн цар, аяга, цайны талхи, олон төрлийн цацал зэрэг үзмэрүүд эзэлж байна. Онцлон өгүүлбэл, цайны сав болох домбоны олон төрлийн хийц хэлбэрийг нэг дороос харьцуулан үзэж, сонирхох боломжтой.

Тус үзэсгэлэн 2023 оны 5 дугаар сарыг дуустал олны хүртээл болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН