-18 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 00:09:53
Нүүр хуудас Нийтлэл Ц.Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа

Ц.Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа

ГЕНЕРАЛ Б.ХУРЦЫГ ШҮҮЖ БАЙНА

“Өнөөдөр Төв аймгийн шүүхэд ТЕГ ын дарга хошууч генерал Б.Хурцыг шүүх хурал эхэллээ…Захиалагчид их л сүржин эхлүүлж өөрсдийн талын хэвлэл мэдээллээ дуудаад гадаа нь зоочихож. Харин одоогоос хэдэн сарын өмнө бичсэн “Цадиг ” хэмээх нийтлэлээсээ хэсэгчилэн оруулья. Миний Монгол мандан бадраг.” МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ гэжээ.

ЦАДИГ НИЙТЛЭЛЭЭС

” …..Нямдорж бол шорон тогтолцоонд талтай хүн. Монголд өрнөсөн ардчиллыг дэмжиж нэг үг дугарсан удаагүй. Тэр ардчиллыг үргэлж зууж, урж сэглэж ирсэн. Ардчилал бол аллагын өмнө хүчин мөхсөддөг тогтолцоо. Гэхдээ ардчилал бол аллагатай зэрэгцэн оршдоггүй. Ардчиллыг хуулиар хамгаалдаг.

Алуурчинтайгаа цуг амьдардаг нийгэм гэж үгүй. Тиймээс хууль шүүх, цээрлэл шийтгэл оршдог. Бидний мэдэх аль ч нийгэмд аллагыг зөвтгөж байгаагүй. Алуурчдаар бахархаж байгаагүй. Харин хар цагааныг хуулиар л ялгаж шийдэж ирсэн.

Бид хүний амийг, хүн гэсэн хүндэт нэр төрийг эрхэмд үздэг улс болох гэж зорьж яваа. Монгол бол хүнийг тарчлаан зовоохыг буруу гэж үздэг улс. Хүнийг хилсээр хэлмэгдүүлэхийг байж болохгүй, хууль бус гэж зарласан орон. Алдаа гарсан бол залруулах хуультай. Шийдэх шүүхтэй. Тийм боломжийг бүрдүүлсэн улс.

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын нэн шинэ түүхийн улаан толбо юм. Зоригийг хэн алсныг, хэн үүнд хамааралтайг, ямар сэдэл учир холбогдлоор энэ хэрэг үйлдэгдсэнийг олж тогтоох нь Монголын мөрдөн шалгах, шүүн таслах байгууллагын ажил. Яагаад энэ хэрэг илрэхгүй олон жил болсны учир шалтгааныг бас олж тогтоох. Мөн сүүлийн үед өрнөж байгаа асуудал, хардлага сэрдлэг бүрийг шалгаж мухарлах.

Цэндийн Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Тэр тусмаа ардчиллаа аминаасаа илүү хайрладаг ардчиллын хашир партизанууд. Тэд Нямдоржийн гаргаж буй ааш аяг, үзүүлж харуулж, үйлдэж хэлж яваагийн цаана юу нуугдаж, тэр юу нууж явааг нэвт харж бас хэлэлцэж байгаа. Зоригийн амь насыг бүрэлгэснийг сонсоод тэд бүгдээрээ Зориг болсон юм. Ардчилал руу шаасан алуурчны хутга тэднийг бүгдийг нь шархлуулсан юм.

Нямдорж бол Зоригийг ганцаараа гэж андуурч байгаа юм. Зориг бол ардчилалд хайртай зүрх бүрийн тоогоор оршдог. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учиг бүрэн тайлагдтал тэдний зүрх амрахгүй. Нямдорж Зоригийг хөнөөсөн хэрэгт нөхдийг нь гүтгэж захиалагч, гүйцэтгэгчээр нь нэр бүхий гэмгүй хүмүүсийг тодруулж, тамлан зовоож “даргагүй нам сонгуульд яаж ордгийг харна” гэж занаж тохуурхаж байсан.

Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн.

1930-аад онд Монголын цөстэй, нэртэй бүхнийг залгисан Жамбалдоржийн эрүү шүүлт Нямдоржийн үед ч үргэлжилсэн. Шинэ мянганы эхэнд өөрийнх нь нэртэй хар хуульдаа ч эрүү тамалгаагаа хадгалсан. Тэр эрүү шүүлтийг халах шинэ цагийн хууль, хуулийн заалтыг өөрөө эсэргүүцэж унагасан. Мөрдөх хугацааг нь хориг тавиад ч дийлдэлгүй хойшлуулсан. Тэнд байсан шинэчлэл, өөрчлөлтийг улдан зулгааж өөрчлүүлсэн.

Зоригийг алсан алуурчид илэрсний адил, аллагын захиалагч хатгагч нь илэрч л таараа. Үүссэн нөхцөл байдлыг Монголын хууль шалгаж л таараа. Алдаа гарсан бол алдаагаа засаад сургамжаа аваад, хуулиараа шийдээд л явна. Хэрэгт хохирсон Монгол улс байгаа цагт хэргийг хаана гэж л лав байхгүй байх. Зориудаар, санаатай будлиан хутгасан бол түүнийг ч шалгаж нягталж л таарна. Гэрчтэй, үйлдэлтэй, ул мөртэй бүхнээ баллаж устгаж чадахгүй. Энэ бүхнийг харах, хянах, хамгаалах, баримтжуулах ажлаа Монголын хууль, хуулийнхан хийж байгаа байлгүй дээ.

Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ц.Нямдоржийн гаргаад байгаа үйлдлийг би үнэхээр гайхдаг. Улсын маань Хууль зүйн сайд хүн. Захиалагч хатгагчийг олох шалгах эгзэгтэй үед. Ийм авир гаргах ямар шаардлага байв? Алуурчдыг мөрдөн шалгахад хууль зөрчигдсөн бол асуудлыг яаж шийдэх, яаж хариуцлага тооцох ёстойг Нямдорж сайн мэднэ.

“Хэрэг задарна” гэж шорон оронгүй, дотоод гадаадгүй хошуу өргөөд, нохой шуугиулаад. Хань хамсаатан татаад. Задарсан ч энэ хэрэг хуулиар л задрах байлгүй. Энэ хэргийг иж бүрэн шийдэхэд Нямдоржийн хүргэх ганц л тус харагдаж байна. Нямдорж өөрөө энд оролцохгүй байх. Өөрийнхөө энэ хэрэгтэй холбоотой гаргасан, гаргаж байгаа үйлдэл бүрийг шударгаар шалгуулах.

Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү! “

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН