Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/5529
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.09.25 №29
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Яллагдагч Л.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Чинзориг, З.Хүрэлсүх, яллагдагч Б.Номинсувдын өмгөөлөгч Б.Балжидмаа, Р.Булгамаа, яллагдагч С.Ундрамын өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын зүгээс тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчийг эзгүйд томилогдсон шүүгч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор, шүүхээс тухайн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан 6 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс сонгон хэрэглэдэг бөгөөд үүний гол зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй, хэвийн нөхцөлөөр явагдах боломжийг хангахын зэрэгцээ яллагдагч этгээдийг оргон зайлах болон дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж байдаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь бусад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд төрөлдөө орох бөгөөд энэ ч утгаараа прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрийг нарийвчлан тогтоосон байх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж заасан бөгөөд хяналтын прокурорын зүгээс яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналынхаа үндэслэл, холбогдох нотлох баримтыг танилцуулаагүй нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа