Нүүр хуудасМэдээШ.Энхтөр: Хүүхэд, нярайн эрт илрүүлгийн түүхэн шийдвэр гарчээ

Ш.Энхтөр: Хүүхэд, нярайн эрт илрүүлгийн түүхэн шийдвэр гарчээ

Монгол Улс маань хүнд хэцүү үед ч хүүхдийн эрүүл мэндийн төлөө БОДЛОГЫН том ШИЙДВЭР гаргажээ.

Эмч миний бодлоор энэхүү ТҮҮХЭН Шийдвэр нь нярай, нялхас, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах, МУ-ын “Тогтвортой Хөгжлийн Зорилт – 2030” хөтөлбөрийн эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн маш чухал арга хэмжээ болсон байна.

ЭМ-ийн Сайдын 2025 оны 01 сарын 08-ны А04 тоот тушаалаар манай улсын Түүхэнд Анх Удаа хүүхэд, нярайн хүнд өвчин эмгэгийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд төрсөн даруйд нь, нярай үед нь, бага насанд нь эрт Оношлох, улмаар 18 хүртэлх насанд нь төлөвлөгөөтэй урьдчилан Сэргийлэх үзлэгт хамруулах тухай зураглал, журмыг баталжээ.

Анх удаа Хууль Эрхзүйн баталгаатай болгосон нь онцлон тэмдэглүүштэй.

Хамгийн чухал нь хүүхэд, нярайн эрт илрүүлгийг хэрэгжүүлэх төсөв санхүү, урсгал зардал, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах бүхий л механизм иж бүрэн тусгагдсан байна.

Төсөв санхүү хомсдолтой байгаа хэдий ч төсвийг хэмнэж, зөв зүйлд үр ашигтай зарцуулах, хүүхдийн хүнд өвчнийг эрт оношлон эмчлэхэд зориулж байгаа нь хүүхдийн эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээж байгааг хэлэхийг хүсч байна.

Энэхүү тушаалд заасан зарим онцлог чиглэлийг товчхоон дурвал:

Нэг. Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ерөнхий үзлэгийг 0-28 хоног, 6 нас, 12 нас, 15 нас, 18 насанд хийхээр тусгасан байна.

Хоёр. Тушаалаар батлагдсан хүүхдийн эрт илрүүлгийн төрлүүд:

1. Гүйцэд нярайн эрт илрүүлэг (төрснөөс хойш 24-72 цагийн дотор).

 Пульсоксиметр (PI – Цусан хангамжийн индекс).

 Сонсгол.

 Нүдний угийн улаан рефлекс.

 Түнхний хэт авиа.

 Хатаасан цусны толбо.

2. Дутуу нярайн эрт илрүүлэг (төрснөөс хойш 28 хоногт).

 Пульсоксиметр.

 Сонсгол.

 Торлогийн дуран.

 Түнхний хэт авиа.

 Хатаасан цусны толбо.

 Зулайн хэт авиа (заалтаар).

3. Сургуульд суурилсан эрт илрүүлэг (ЭМ-ийн сайд ба Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу 6 настнуудад).

 Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг.

 Хараа шалгах.

 Сонсгол шалгах.

 Зүрхний цахилгаан бичлэг.

 Бусад.

А04 тоот тушаалын 3-р хавсралтаар “Нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн зураглал”-г баталсан байна. (жич: энд зөвхөн хүүхдийнхийг оруулав). Үүнд:

1. Ургийн хромосомын гажгийн эрт илрүүлгийн зураглал.

2. Нярайн зүрхний төрөлхийн гажгийн эрт илрүүлгийн зураглал.

3. Нярайн төрөлхийн дүлийрэлт, сонсгол бууралтын эрт илрүүлгийн зураглал.

4. Нярайн түнхний дутуу хөгжлийн эрт илрүүлгийн зураглал.

5. Нярайн бодисын солилцооны эмгэгийн эрт илрүүлгийн зураглал.

6. Гүйцэд нярайн нүдний эмгэгийн эрт илрүүлгийн зураглал.

7. Дутуу нярайн ретинопатийн эрт илрүүлгийн зураглал.

8. Дутуу нярайн мэдрэлийн эмгэгийн эрт илрүүлгийн зураглал.

Бид хүүхэд, нярайн хүнд өвчин эмгэгийн эрт илрүүлгийг Монгол Улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай олон жил мөрөөдөн ярьж, төсөл хөтөлбөрөө батлуулах, ялангуяа санхүүжилтийг нь шийдвэрлүүлэх гэж хичээн зүтгэж явсан маань энэ цаг үед ийнхүү цогцоор шийдэгдсэнд маш их баяртай байна.

Дэлхий нийтээрээ, түүний дотор Монгол Улс маань хүнд хэцүү байгаа хэдий ч хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон жил шийдлээ хүлээсэн, амин чухал асуудлыг шийдвэрлэж өгсөн ЭМ-ийн Сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны хамт олонд Монголын 0-18 насны 1.4 сая хүүхэд багачуудын нэрийн өмнөөс, хүүхэд, нярайн эмч нарын өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Ш.ЭНХТӨР АУ-ны доктор, клиникийн профессор, Хүүхдийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН