Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө.
*Энэ жил ЭЕШ-д хамрагдахаар 36,253 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлэгчдийн шалгалт өгөх хичээл сонголтоор авч үзвэл, 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн ухааныг сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэлийг сонгожээ.
*Улсын хэмжээнд 49 шалгалтын байр бэлдсэн бөгөөд зохион байгуулалтад 2,800 орчим багш, холбогдох чиглэлийн ажилтан ажиллаж байна.
*ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэл бичгийн шалгалтыг энэ оноос эхлэн жилд гурван удаа авах юм. Дөрөв болон тавдугаар сард уг шалгалтыг авсан ба гурав дахь удаагийн шалгалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулна.
*Шалгалтын босго оноо 400 байдаг бөгөөд өмнөх хоёр удаагийн шалгалтад босго оноогоо давж чадаагүй 1,180 шалгуулагч бий аж. Эдгээр шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой ч их, дээд сургуульд элсэх боломжгүй болж байна.
*Энэ жилээс хүүхдүүдийн өмнө өөрсдийнх нь материалыг засаж, дүн оноог нь харуулах боломжтой болсон. Шалгалт дууссанаас 10 минутын дараа тухайн шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломж нь нээлттэй.
*Улсын хэмжээнд 49 шалгалтын байрны дүн мэдээг БҮТ өдөрт нь нэгтгээд, хэмжээст оноо руу шилжүүлэн нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eyesh.eec.mn сайтад тухайн өдөрт нь багтааж олон нийтэд нээлттэй мэдээлнэ
*ЭЕШ зохион байгуулагдаж дууссанаас хойш буюу зургаадугаар сарын 28-наас эхлэн БҮТ-ийн сайт руу хандаж, өөрсдийн батламж хуудсыг хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас батламж хуудсаа гаргаж авч болно.