УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр /2026.05.27/ Ч.Анар, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, Х.Булгантуяа, Б.Заяабал, Ж.Ганбаатар, Ц.Баатархүү, Б.Жаргалан, М.Мандхай, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, М.Энхцэцэг, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нарын гишүүд хүрэлцэн ирснээр, ирц 59.4 хувь бүрдэж, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү төслийг Байнгын хороо дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын Ажлын хэсгийн танилцуулгыг Г.Лувсанжамц гишүүн илтгэв. Ажлын хэсэг 43 саналыг нэг бүрчлэн хэлэлцээд, зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын төлөөлөл бүрэн хүрэлцэн ирээгүйг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал онцолж, парламентад хүндэтгэлтэй хандах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байгаа асуудалд хамаарах холбогдох яамдын төлөөлөл, ялангуяа төрийн нарийн бичгийн дарга нар хуралдаанд ирж, оролцох ёстой, гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй хэмээн сануулж байв. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын төлөөлөл хүрэлцэн ирснээр цааш үргэлжлэн хуралдсан.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн, Р.Батболд, Ц.Баатархүү нар асууж, үг хэлэв. Нийт гишүүдээс ирүүлсэн 200-гаад саналаас 115-ыг нь хэлэлцэх боломжгүй гэж Ажлын хэсэг тооцжээ. Ийн хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, дэмжих эсэхийг шийдвэрлэлээ. Энэ үеэр гишүүд өөрсдийн гаргасан саналыг хамгаалж, тайлбарласан. Харин Сангийн яам болон холбогдох яамдаас санал бүрээр хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлж хариулж байв.

Байнгын хороо энэ өдөр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцлээ. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг Улсын Их Хурал 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан байдаг. Парламентын хяналт, шалгалтын хүрээнд тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан гишүүн Монголбанк болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт асуулга тавьж, хариуг ирүүлсэн талаар танилцуулсан. Асуулгатай холбогдуулан байгаль орчинд ээлтэй ямар арга хэмжээ авсан, эрчим хүч хэмнэх дадлыг иргэдэд сурталчлах, ногоон зээлийн хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Засгийн газрын зүгээс тогтоолын зүйл нэг бүрээр тайлангаа ирүүлсэн бөгөөд гишүүдийн асуултад арилжааны банкууд дахь ногоон санхүүжилт, зээл хариуцсан албад, төсөл хөтөлбөрийн төлөөлөл хариу өгөв. Ногоон зээлд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт, зээлийн хүүгийн хувь хэмжээг холбогдох салбарын сайд нарын шийдвэрээр баталж, иргэнд 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг жилийн 6 хувь, аж ахуйн нэгж байгууллагад 15 нэр төрлийн бүтээгдэхүүний жилийн 8 хувийн хөнгөлөлт олгохоор Төрийн банк, Хаан, Хас банктай хамтран хэрэгжүүлж, нийт 600.0 сая төгрөгийг хүүгийн хөнгөлөлтөд зарцуулахаар гэрээлсэн ажээ. Төв банкнаас ирүүлсэн мэдээлэлд, амины орон сууц худалдан авах зориулалтаар 2025 онд нийт 857 зээлдэгчид 163.8 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх онтой харьцуулахад 49 хувиар өссөн үзүүлэлт гэжээ. Одоогоос долоон жилийн өмнө манай улс “Ногоон таксономи”-г баталсан, энэ дагуу банкуудаас ногоон зээлийн тайлан авч эхэлсэн нь ногоон санхүүжилт нэмэгдэх, мэдээллийн сан бүрдэх боломж нээгджээ. Нарийвчлал бүхий шалгууртай “Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилтийн таксономи”-ийг 2026 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, зорилтот бүлэгт түлхүү чиглүүлж, эрчим хүчний хэмнэлттэй ногоон зээлийн бүтээгдэхүүний эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Нийслэлийн хэмжээнд хатуу түлшнээс татгалзах замаар 2030 он гэхэд утаанаас салгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөлөл хариулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.








