Нүүр хуудасМэдээЭЗХЯ: ЕАЭЗХ-ны хуралдааны түр хэлэлцээр Монгол, Казахстан хоёр улсын худалдааны эргэлтийг 500...

ЭЗХЯ: ЕАЭЗХ-ны хуралдааны түр хэлэлцээр Монгол, Казахстан хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтод хүрэхэд ихээхэн ач холбогдолтой

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн сайд нарын Бага хурал өчигдөр /2026.09.28/ Улаанбаатар хотноо эхэлсэн бөгөөд өнөөдөр Сайд нарын бага хурлын нээлтээр үргэлжилж байна. 

Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний Эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаевыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар, хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистик, стратегийн хамтын ажиллагаа  зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. 

Уулзалтын эхэнд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, хоёр орны хоорондын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж эрчимжиж, улмаар эдгээр айлчлал, уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээ бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн 2026 оны 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтод хүрэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний Эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаев “Монгол Улс Казахстаны чухал худалдааны түнш бөгөөд хоёр улсын худалдааны харилцаа эерэг динамиктай байна. 2025 онд худалдааны эргэлт 133 сая ам.доллароос давж, 8 хувиар өссөн. Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд худалдааны эргэлтийг дунд хугацаанд 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүнийг бодит ажил болгох шаардлагатай” гэдгийг онцлов. 

Казахстаны тал Монголтой худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд худалдаа, тээвэр-логистик, хөдөө аж ахуй, уул уурхай, нефть болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бодит төсөл, бизнесийн хэлцэл болгон өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН