Нүүр хуудасТэмдэглэлЯАЧИХСАН ЗАЯА ВЭ...

ЯАЧИХСАН ЗАЯА ВЭ…

Хойд ааваасаа 2000-хон мянган төгрөг царайчлаад харамч эрийн гарын шүүс болсон бяцхан хүүгийн тухай жишээ хэдэн өдөр сошиал ертөнцөөр хөвөрлөө. Ээ дээ хорвоо гэж. Яачихсан заяа вэ.

Амьдралд аз жаргал, айл гэрт баяр хөөр болж гийдэг үр хүүхэд гэдэг хэчнээн эрхэм нандин эрдэнэ билээ. Гэтэл энэ л хүүгийн адил олон хүүхэд нүдэндээ нулимстай, зүрхэндээ гунигтай сэтгэлдээ айдастай алагхан хорвоогийн элгэнд бөмбөрч яваа юм бүү мэд.Орхиод явчихсан төрсөн эцэг, одоор биш гайгаар учирсан хойд эцэг, амьдралд хөл алдсан ядарсан ээжийн балгаар хэчнээн олон энхрий үрс ийм амьдралыг үзэж туулна вэ.

Хүүхэдтэй холбоотой бараан мэдээ сонсох бүртээ зүрх шархирах. Төрсөн үрээ хогийн уутанд хийгээд хаядаг эх хүн байна гэнэ. Мах цусны тасархайгаа мал шиг нухаж орхидог төрсөн эцэг ч дуулдана.

…Олон шалтгаанаар үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүлүүд бий. Өнөөдөр  Монголд үр шилжүүлэн суулгах эмнэлэг шил шилээ даран байгуулагдаж байна.  Энэ нь үргүйдлийн асуудлаар шаналж байгаа хосуудад үр хүүхэдтэй болох боломжийг нэмэгдүүлж байгаа хэдий ч нөгөө талаас тэр хэрээр үргүйдлийн асуудал газар авч үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Үр хүүхэдгүйн зовлонгоор олон хосууд салж, олон бүсгүйчүүд нүдэндээ нулимстай сэтгэлдээ гунигтай амьдарч байна. Амьдрах итгэл найдвар, хүсэл эрмэлзэл үгүй болж үр хүүхэдтэй болчих болов уу гэсэн горьдлого тээн яваа тэдний асуудал дуусаагүй. Сайн гэсэн эмч, үзмэрч, элдэв арга дом бүрийг туршиж яваа. Бурхнаас гуйгаад ч ирдэггүй үрийн заяа гэдэг эмзэг нандин зүйл яагаад ийм төөрүү байдаг юм бол гэж халагламаар.

Анагаахын шинжлэх ухаан техник технологи хөгжиж байгалийн жамаараа хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудад туслах олон арга технологи нэвтэрч байна. Гэвч тэр хэрээр үнэ ханш эмчилгээний зардал өндөртэй. Өнөөдөр Монгол улсад үр шилжүүлэн суулгах ажилбарын зардал хамгийн хямд нь буюу үр шилжүүлэн суулгах улсын ганц эмнэлэг ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Үргүйдэл нөхөн үржихүйн төвд 3 сая 500 мянган төгрөг. Энэ мөнгөн дээр зарим шинжилгээ, үр шилжүүлэн суулгахтай холбоотой эм тарианы мөнгө нэмэгдээд 5-6 сая орчим болдог. Бусад эмнэлэгт энэ зардал дунджаар 8-15 сая төгрөг.  Гэхдээ үр шилжүүлэн суулгалт эхний оролдлогоор амжилттай болох магадлал маш бага. Өнөөдөр Монголд 5-15 сая төгрөг дансандаа хадгалдаг гэр бүл хэр их вэ. Байдгаа гаргаад өр зээл тавиад нэг удаа орлоо гэхэд амжилтгүй болбол дахин орох мөнгө нь байхгүй. Энэ тал дээр улсаас үзүүлдэг хөнгөлөлт дэмжлэг бүр ч байхгүй.  Үр хүүхэдтэй болох үр удмаа үлдээх асуудал өнөөдөр мөнгөн дээр тогтдог болчихсон цаг үед бид амьдарч байна. Гэвч энэ асуудал энэ зовлонг ойлгодог ойлгох нь бүү хэл сонсож дуулж ч байгаагүй хүмүүс бусдын зовлонг амны зугаа болгон тохуурхах.

Мөнгөгүйгээсээ болоод хүүхэдтэй болж чадахгүй байна гэх олон бүсгүйчүүд, Солонгос явж ажил хийж мөнгө олоод хүүхэдтэй болно гээд явж байгаа олон гэр бүл Монголд байна.  Ийм л үнэн хэрнээ хатуу тавилан хатуурхаж нүд үзүүрлэх нь бүү хэл хамаагүй харахаас ч зүрхшээмээр энхрийхэн амьтадын хүслэн болон шаналж суухад ижий ааваа гээд зориод ирсэн нялх амьтдыг зовлон дунд амьдруулах өөр нэг нь байж л байх.

Зарим нэгнийх нь хувьд илүүдээд байгаа үр хүүхэд гэдэг зарим нэгнийх нь энгэрт хүсээд ч ирэхгүй тийм нандин зүйл байдаг гэдгийг санаж суухад үнэхээр яачихсан заяа ийм байдгийг хэлж дуусахгүй нь.

Нүдээ нээгээд орчин тойрноо хар. Харлаа гээд хажууд чинь инээмсэглэж суугаа бусдын зовлон чамд харагдахгүй. Харин та аав ээж болсон л бол асар том нэрнийхээ ард дагах асар өндөр хариуцлагыг ухамсарлаач…

Үр хүүхдээ хайрлаач…  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН