0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:43:15
Нүүр хуудас Нийтлэл Ё.Баатарбилэг сайд аа! Хутгаа хуйндаа хий!

Ё.Баатарбилэг сайд аа! Хутгаа хуйндаа хий!

нийтлэлч: ОРГИЛМАА

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг олимпийн наадам хойшилсонтой холбогдуулан олимпт бэлтгэж буй Үндэсний шигшээ багийнхны бэлтгэлийг зогсоох шийдвэр гаргажээ. Зогсоох гэдэг нь угтаа бол зардлыг хасах, эргүүлэн татаж царцаах гэдэгтэй адил сонсогдож байгаа юм. 

“Токио 2020” оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор, Үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжиж, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор улсын төсөв , “Токио олимп сан”, Спортыг дэмжих сан” гээд олимпийн эрх авахаар дөрвөн жилМонгол Улс даяараа зүтгэж тамирчид маань эхнээсээ эрхээ авсаар байгаа билээ. Одоогоор Үндэсний шигшээ багийннайман тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өсөлдөхөөр эрхээ аваад байгаа юм. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпт оролцох эрхээ аваад байна.

Спортыг сайн мэдэх мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар олимпийн хугацаа хойшилж байгаа нь магадгүй бидэнд медалийн өнгөө хувиргах, тоог нэмэгдүүлэх түүхэн боломж байхыг хэлэхийн зэрэгцээ олимпийн эрх авах, авсан, медаль горилогч тамирчдын бэлтгэл сургуулилт хэзээч тасарч болохгүй хэрэвээ тасалдах юм бол форм алдагдаж маш том хохирол амсах болно гэдгийг хэлсэн юм.

Тиймээс олимпт оролцох эрхийн салхийг хагалсан буудлагынхнаас эхлээд түүхэндээ анх удаа сагсан бөмбөгийн төрлөөр оролцох гэж байсан сагсныхан, эрхээ авсан бусад тамирчид Ё.Баатарбилэг сайдын энэ шийдвэрийн дагуу бэлтгэл сургуулилтаа зогсоох ёстой болоод байна. 

Өнгөрсөн оны зургадугаар сарын 22-нд “Токио олимп сан” нээлтээ хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, сангийн цомыг 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нарт гардуулж байсан. Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 8-нд БСШУС-ын сайд өөрийн гараар “Токио олимп” сангийн цомыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад гардуулснаар Монголын ард түмэн орон даяар олимпт эрхээ авсан тамирчдаа халуун сэтгэл, итгэл хүлээлгэсэн хандиваар дэмжиж бэлтгэл сургуулилтыг нь хангахын төлөө дэмжинэ гэдгээ илэрхийлсэн билээ.

Япон улсын Токио хотноо болох зуны олимпийн XXXII, паралимпын XVI наадамд Монгол Улсын нэр хүндийг дэлхий тавцанд өндөрт өргөх баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог нээж хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, тухайн спортын төрлүүдийг олон нийтэд сурталчлах гэж энэ санг улсын төсвөөс бүрдүүлээгүй юм. Тиймээс Улсын төсөвт заасан Үндэсний шигшээ баг, “Спортыг дэмжих сан”-ийн төсвийг ч эргүүлэн татах, царцаах эрх Ё.Баатарбилэг сайд Танд байхгүй. Хэрвээ эрхэм сайд та Монголын олимпийн тамирчдын хөрөнгийг, бэлтгэлийг хасаж тасалдуулах юм бол Монголын ард түмэн таны энэ үйлдлийг хэзээч мартахгүй гэдгийг сайд, улстөрч танд сануулхад илүүдэхгүй болохв уу.

Коронавирусээс болж олимпын наадам хойшилно гэдгийг хэн ч тооцоолоогүй. Цар тахлын улмаас 2020 оны олимпын наадмыг долдугаар сарын 24-нд эхлэхгүй гэж ОУОХ-ны гишүүн Дик Пунд хэлснийг BBC дамжуулаад гуравхан хонож байхад дөрвөн жилийн турш зүтгэсэн тамирчдынхаа хөлс хүчийг үл үнэлэх, үл хүндэтгэх шийдвэрийг гаргасан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт жигтэйхэн уран ухаан төрж тус сангийн хөрөнгийг харамлах “бодлогын мэргэн шийдвэр” гаргасан нь нь энэ бололтой. 

Гэвч ОУОХ-ноос хэдий хүртэл олимпийг хойшлуулснаа зарлаагүй байна. Дөрвөн жилийн цикльд тамирчин хүнээс ямар их хөлс хүч гарч, түүндээ зохицсон байдгийг фэйсбүүк уншиж байгаад сургууль, цэцэрлэгийн хорио тогтоох төдий ажилтайгаа ижилсгэж шийдвэр гаргаж огт болохгүй, Ё.Баатарбилэг сайд аа! 

Дашрамд, МҮОХ-ноос Спорт холбоодод хүргүүлсэн “…шилдэг тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах”, “…нөхцөл байдалдаа тохируулан спортоор  хичээллэхийг уриалсан” мэдэгдлийг хавсаргая. Одоо яах вэ? Өмнөх жилүүдийн хөдөлмөрөө хаяад шинээр эхлэх үү, тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд спорт холбоо нь зардал гаргах уу?

Иймд олныг үл нуршин Үндэсний шигшээ багийнтамирчдаа, ялангуяа олимпийн эрхээ авсан тамирчдынхаа сэтгэлийн бамбарт ассан цучил унтрахаас өмнө, бэлтгэлийн ир мохохоос урьтаж, олимпийн наадамд оролцох орон орны спортын салбар хариуцсан Сайд нарын өмнө шившиг болоогүй дээрээ“Токио олимп” санд “дэмий” санаа зовинож, тамирчдаас харамласан, дөрвөн жилийн бэлтгэл сургуулилтийг нь хорлон сүйтгэсэн шийдвэр гаргаснаа буцаана уу! 

Учир нь Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд Танд биш тамирчдад, спорт холбоодод өгч байгаа юм. Монголын тамирчин Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа мандуулахад “гол дүрд” зогсож байх билэгдлээ бодоод ч атугай Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтийг сангийн хөрөнгийг харамлах замаар хорлон сүйтгэхгүй байхыг дахин хүсье! Дашрамд сануулахад энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 125 жилийн ой тохиож байгаа учраас дэлхий даяар өнөө жилийн олимпийг улам өргөн цар хүрээтэй тэмдэглэнэ. Цар тахлын муу мэдээ дуусч дэлхийд Монголын нэрийг дуурсгах сайн мэдээ дуулдах өдөр улам ойртож байна. Аз болж Сайд Та тэр үед хамт тэмдэглэх ч юм билүү, Сайн сайхныг л хүс! ##ОЛИМПИЗМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН