Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг барьж саатуулсантай холбоотойгоор хэвлэлийн хурлаараа дамжуулан Хууль зүйн сайд О.Алтангэрэл болон шүүх цагдаагийн байгууллагаас хэд хэдэн зүйл шаардаж байна.
- Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан 45 хонгийн багшлах эрхийг олгох журмыг эсэргүүцэж багшийн цалинг нэм гэж Үнэн ба Зөв намын даргын хувьд үзэл бодлоо илэрхийлж, өндөг шидэж улс төрийн эсэргүүцлээ илэрхийлсэн. Уг үйлдлийг таслан зогсоох нэрийдлээр төрийн тусгай хамгаалалттай газар зодоон үүсгэж иргэн А.Отгонбаатарыг барьж зодсон ХҮН намын Т.Отгонбаатарт ямар хариуцлага хүлээлгэж байгаа вэ? Болсон үйл явдлын хувьд ХҮН намын Т.Отгонбаатар түрүүлж иргэн А.Отгонбаатарын биед халдсан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр ил тод байна. Гэтэл зодуулсан хүн нь баригдаад зодсон хүн нь шагнал авч тушаал ахиж төрийн ордонд сууж байна. Энэ хүнд ямар арга хэмжээ авах вэ?
- Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаа нэрийн доор хүний биед хүч хэрэглэж зодож, цохиж болдог юм уу? Төрийн цагдаад ёс зүйн хэм хэмжээ байхгүй болсон юм уу? Энэ ёс зүйн алдаа гаргасан цагдаадаа ямар арга хэмжээ авах юм бэ?
- Оргон зайлсан, хүнд ялтанг барьж хорьж байгаа юм шиг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөн, суудлын бүс хэрэглэхгүй давхиж байгаа цагдаа нь өөрөө ямар хариуцлага хүлээх вэ? Энд зам тээврийн ноцтой осол гарвал хэн хариуцлага хүлээх вэ?
Хууль бүх хүнд эрх тэгш үйлчилдэг баймаар байна.
Эцэст дүгнэхэд Монгол улсад үнэний төлөө дуугарч тэмцсэн нэгнээ барьж хорьдог буруу жишиг тогтчихоод байна. Ганцхан А.Отгонбаатарыг барьж хориод дуугүй болгочихно гэвэл үгүй юм. Энэ хүн барьж хоригдлоо гээд шантраад дуугүй болчих тийм жижиг сэтгэл зүйтэй хүн бол биш. Олон улсад бол өндөг шидэх нь улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх хамгийн боловсон аргын нэг байдаг. Харин Монгол улсад л өндөг шидэх нь барьж хоригдох, ял шийтгэл авах хэмжээний хууль эрх зүйн орчинтой болсон юм байна. Энэ нь цаанаа Монгол улсад дарангуйлал бий болжээ. Хууль хэн нэгний захиалгаар үнэний төлөө дуугарч тэмцсэн хүнд л үйлчилж харин эсрэгээрээ төрөөс хулгай хийсэн авлигач хулгайч дарга нарт үйлчлэхгүй болсныг бид харж байна. Бид цаашдаа ийм байж болохгүй буруу шийдвэрүүдтэй нь эвлэрээд дуугүй л байгаад байх ёстой юу? гэж нийт ард түмнээсээ асуумаар байна.