Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 5.7 их наяд төгрөг буюу 26 хувиар нэмэгджээ.
Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны 12 дугаар сард 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1 (38.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Худалдааны салбарын 2021 оны борлуулалтын орлогын 38.5 хувь нь бөөний худалдаа, 61.5 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2021 онд 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.3 (24.2 хувь) их наяд, бөөний худалдааны борлуулалтын орлого 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.4 (29 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, хүнсний бөөний болон жижиглэн худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа, шатахууны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 83.8 хувь нь нийслэлд ногдож байна.
Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 (26.2 хувь) их наяд төгрөгөөр ихэссэн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого аймгуудад 7.7-55.2 хувиар нэмэгдсэн гэдгийг ҮСХ-оос мэдээллээ.