Говийн бүсийн 4 аймгийн тусгай хамгаалалттай газар нутгууд, шинээр хамгаалалтад авах газрууд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг говийн бүсэд ажиллаж байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад ажилласан. Энэ удаад Өмнөговь аймагт УИХ-н гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, Дэ нэйчэ консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн удирдаргч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг ажиллалаа.
Өмнөговь аймгийн хувьд улсын тусгай хамгаалалттай газар дөрөв байдаг. Үүнд Говийн бага дархан цаазат газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, Загийн усны тусгай хамгаалалттай газар багтаж байна. Харин шинээр 2022 онд багтааж 3-4 газрыг улсын тусгай хамгаалалтанд авахаар Улсын тусгай хамгаалалттай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан. Үүнд, Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурвансайханы ойролцоох газар багтжээ.
Улсын хэмжээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад тусгагдсанаар 215 газрыг хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнээс Өмнөговь аймагт 12 газрыг хамгаалах шаардлагатай байгаа юм. Харин аймгийн зүгээс тодорхой судалгааг явуулж, эхний ээлжинд орон нутгийн тусгай хамгаалалтанд авч байгааг ажлын хэсгийн зүгээс сайшааж байлаа. Энэ нь ховор ан амьтан, ургамал бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутгаа хамгаалах, цаашид унаган төрхөөр авч үлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэх бөгөөд, алдсаа хуулийн дагуу бүгд улсын тусгай хамгаалалтад орох юм.
Одоогийн байдлаар Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 36 хүний бүрэлдэхүүнтэй, Говийн бага дархан цаазат газар 19 байгаль хамгаалагч, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй, Тост тосон бумбын нурууны хамгаалалтын захиргаа 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашид хамгаалалтын захиргаадад хүний нөөцийн асуудал, байгаль хамгаалагчдын хангамж, ажлын нөхцлийг сайжруулах, хуулийн хүрээнд ховор ан амьтдаа хулгайн анчдаас хамгаалахад тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй байгааг ч хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймаг уул уурхай үйл ажиллагаа эрчимтэй явагддаг, хуурайшилт ихтэй говийн бүсийн аймаг хэдий ч нийт газар нутгийнхаа 70 хувийг хамгаалалтад авч чадсан нь томоохон алхам болжээ. Харин Монгол улсын хэмжээнд нийт газар нутгийн 30 хувийг хамгаалж чадвал экологийн тэнцвэрт байдлыг хадгалж чадна гэж үзэж байгаа юм.
Монгол улсад тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан. Үүний дараа 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн тухай хуулийг баталж байсан юм. Үүнээс хойш улсын хэмжээнд тусгай хамгаалалтад зайлшгүй, нэн яаралтай авах шаардлагатай газрууд, шинээр хилийн цэсийг өргөтгөх, ангилалд өөрчлөлд оруулах зэргээр хуулинд тусгах шаардлага гарсан учир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг говийн бүсийн аймгуудад шинээр тусгай хамгаалалтад авах газрууд болон, газар нутгийн хэмжээг өргөтгөх шаардлагатай хэсгүүдэд анхаарлаа хандуулж, 2017 оноос хойш холбогдох газруудад санал хүсэлтээ хүргүүлсээр иржээ.
Хүний хөл, буруутай үйл ажиллагаа, байгаль цаг уураас шалтгаалан улсын тусгай хамгаалтанд авах түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар олон байна. Үүний дагуу судалгааны ажил олон жил хийгдэж, 2020 онд БОАЖЯ-нд ажлын хэсэг гарч улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ. Удахгүй ажлын хэсгийн зүгээс 2022 оны 2 дугаар улиралд багтаж Засгийн газарт өргөн бариснаар УИХ-д оруулж батлах ажил явагдах юм. Орон нутгийн иргэдийн хувьд ч дээр дурьдсан газрууд болон бусад хамгаалалтад авах шаардлагатай байгаа газруудыг нэн даруй хууль эрх зүйн хүрээнд хамгаалж, нутаг ус, түүх соёлоо хадгалж үлдэхийг хүсэж буйгаа ажлын хэсэгт илэрхийлсэн юм.