2020.02.20-ны 17.00 цагт авсан мэдээллээр Өмнөд Солонгост #корона_вирус-ийн халдвар авсан хүний тоо 22-оор нэмэгдлээ. Үүний 21 нь Тэгү (Daegu, 대구) хотод, 1 хүн Сөүл хотод илэрчээ. Нийт халдвар авсан хүний тоо 104 боллоо.
2 сая 500 мянган хүн амтай Тэгү хотын дарга онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг хотын иргэдэд анхааруулав. Тэгү хотод сүүлийн 24 цагийн дотор корона вирусийн халдвар авсан 51 тохиолдол бүртгэгдэв. Тэгү хотод гуравдугаар зэргийн онц байдал зарлаж, хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн номын сан, сургуулийн дамжаа зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоолоо.
ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ:
Өмнөд Солонгост корона вирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тэгү хотын ойролцооx Чондо (Cheongdo, 청도) хотын эмнэлэгт сүүлийн 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй өвчтөн өчигдөр (2020.02.19-нд) уушигны хатгаагаар нас баржээ. Тухайн өвчтөнд хийсэн задлан шинжилгээгээр корона вирусийн халдвараар нас барсан болох нь тогтоогдсон. Мөн тухайн эмнэлэгийн бүх өвчтөн корона вирусийн халдвар авсан байж болзошгүй аж.
НЭМЭЛТ МЭДЭЭ: 2020.02.20. 18 цаг 13 минут.
Өмнөд Солонгосын Жэжү (Jeju, 제주) арал дээр алба хааж буй усан цэргийн флотын 20 настай цэрэг корона вирусийн халдвар авсан талаар албаны хүмүүс мэдээлэв. Залуу цэрэг чөлөөгөөр хоёрдугаар сарын 13-18-ны хооронд Тэгү хот дахь гэртээ очсон байжээ. Одоогоор залуу цэргийг Жэжү хотын эмнэлэгт тусгаарлаж байна. Түүний давтан шинжилгээний хариу маргааш гарна.
Мэдээллийг бэлтгэсэн: А.Ганпүрэв
Эх сурвалж: Yonhap news
Солонгост байгаа Монголчууд ханиах халуурах шинж тэмдэг илэрвэл 1339 дугаар руу залгаж Монгол зѳвлѳгчѳѳс мэдээлэл авч болох юм байна.