Нүүр хуудасМэдээМал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэнэ

Мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэнэ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Мал мах-2026” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хот, суурин газрын 63, хөдөлгөөнт 75, нийт 138 хяналтын постод 273 алба хаагч үүрэг гүйцэтгэж, мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэжээ.

Мөн иргэдээс мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 86 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 12 хэргийг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олгосон байна.

Тус арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий гурван иргэн урьдчилан үгсэн тохиролцож, хоёр азаргат хамаарах нийт 57 тооны адууг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлсэн.

Мөн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий хоёр иргэн 35 тооны сарлагийн үхэр хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгчид нь гол төлөв 18-55 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй болон туслах малчнаар ажилладаг хүмүүс байх бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна. Тэд малаа бэлчээрээс тууж тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэх, эсхүл бэлчээр дээр нь нядлах зэрэг аргыг ашигладаг. Малчид малаа удаан хугацаагаар хариулгагүй, эзэнгүй орхих, малын бүртгэл, тэмдэглэгээ, хараа хяналтаа сулруулах нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймд малчид та бүхэн малаа байнгын хариулга, хараа хяналттай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, малынхаа им, тамга, зүс, нас, хүйс болон бусад онцлог шинжийг бүртгэж, зурагжуулах, худалдах, шилжүүлэх, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, үйлдсэн талаарх мэдээллийг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт болон харьяа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэхээр, олон тооны мал хулгайлсан, бүлэглэж үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, машин механизм ашигласан, ноцтой хохирол, хор уршиг учруулсан, гойд ашиг шимт мал хулгайлсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, харин мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан.

Цаашид цагдаагийн байгууллагаас гарал үүсэл нь тодорхойгүй мал, махны тээвэрлэлтэд тавих хяналтыг чангатгах, хяналтын цэгийн тоог нэмэгдүүлэх, зах, худалдааны төвүүдэд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН