Нүүр хуудасМэдээАвлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргад хариуцлага...

Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргад хариуцлага тооцно

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн иргэний мэдээллийн мөрөөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Мижиддоржид холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хянан шалгаж шийдвэрлэв.

Л.Мижиддорж нь 2020-2021 онд уг албан тушаалд ажиллаж байхдаа Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан, дутагдуулсан зэргээр нийт 21.5 сая төгрөгийн хохирол учруулсан нь холбогдох байгууллага, аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр нь Л.Мижиддоржийн гаргасан дээрх зөрчилд хариуцлага тооцолгүй, улмаар уг зөрчил, дутагдлыг хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулахгүйгээр түүнийг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Дээрх шийдвэр нь зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна түүнд давуу байдлыг үүсгэж, улмаар Л.Мижиддорж нь Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/130 дугаар захирамжаар тус дүүргийн 278 цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон байна.

Авлигын эсрэг хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлж хариуцлага тооцуулах арга хэмжээг нэн даруй аваагүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаярт хариуцлага тооцуулахаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлж, биелэлтийг ханган ажиллалаа.

Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан цэцэрлэгийн эрхлэгч Л.Мижиддоржид холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН