Нүүр хуудасМэдээАТГ: Хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцсон

АТГ: Хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцсон

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд оруулжээ. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог бөгөөд 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулж байгаа юм байна.

Мөн  иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх 110 тусгай дугаартыг ажиллуулж эхлээд байна.

2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 4 албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна.

Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН