Нүүр хуудасМэдээБизнес эрхлэгчид “e-mongolia” системд сайн үнэлгээ өгчээ

Бизнес эрхлэгчид “e-mongolia” системд сайн үнэлгээ өгчээ

 Судалгаагаар, бизнес эрхлэгчид 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихсэж, төрийн байгууллага хоорондын уялдаагүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа хүндрэл учруулж байна гэжээ.

Харин төрийн үйлчилгээний цахим “e-mongolia” нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгснийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Хүнд суртлын индекс” судалгааны дүнг танилцуулах үеэр тэмдэглэлээ. Тодруулбал, судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 40 гаруй хувь нь төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим системийг ашигласан, цахим үйлчилгээ авах системд 3.46 үнэлгээ өгсөн нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээ (3.01), дэд үзүүлэлтүүдээс илүү сайн үнэлгээ авсан байна.

МҮХАҮТ судалгааг 2004 оноос хойш 2 жил тутам хийдэг бөгөөд төрийн үйлчилгээний хүнд суртлыг ерөнхий, нарийвчилсан үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, анхаарах сайжруулах асуудлыг тодорхойлдог юм. Судалгааг нийслэл, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлага хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сараас эхлэн энэ оны 1 дүгээр сарыг дуустал явуулж, түүврийн шаардлага хангасан Улаанбаатар хотын 507, 21 аймгийн 244, нийт 751 аж ахуйн нэгжийн судалгааны үр дүнг нэгтгэснийг МҮХАҮТ-ын Судалгааны институтын дарга О.Түмэн-Амар мэдээлэв.

Судалгаанд төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа хамгийн их хүндрэл үүсгэж байгаа гэсэн бол тухайн үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, албан зардлын хэмжээ дунджаас илүү сайн үнэлгээтэй байв. Албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ 2018 онтой харьцуулахад хамгийн их дүнгээр буурсан. Эдгээр үзүүлэлттэй холбогдох хүндрэл, хүнд суртал ихэссэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах бодлого, шийдвэр боловсруулахдаа эдгээр үзүүлэлтэд анхаарах шаардлагатайг судалгаа танилцуулахдаа онцолж байлаа. 

Төрийн үйлчилгээний үндсэн 4 төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй, хамгийн хүнд сурталтай, хянаж шалгах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээ дунджаас бага үнэлэгджээ. Бизнес эрхлэгчид төрийн 1 үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргаж байна. Харин судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлсөн гэжээ.

Төрийн байгууллагаас үйлчилгээ авах явцад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 16 хувь буюу 94 аж ахуйн нэгж хууль, дүрэм журам зөрчжээ. Мөн 3 байгууллага тутмын 1 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасны 8-ыг нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН