Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгч: Банкуудын активын чанарын үнэлгээг өнгөрөгч наймдугаар сард хийж дууссан. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ч банкуудын активын чанарын үнэлгээтэй тодорхой хэсгээр танилцаж олон нийтэд зориулж гаргасан мэдэгдэлдээ тусгасан. Активын чанарын үнэлгээний үр дүнгийн дараачаас эхлээд системийн нөлөө бүхий таван том банк эхнээсээ олон нийтэд хувьцаагаа гаргаж байна. Хамгийн түрүүнд Төрийн банк нээлттэй хувьцаат компани болсон, таван хувиа олон нийтэд санал болгож, зарсан. Санал нь 300 хувиар биелсэн. Голомт банк болон Хаан банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа гаргахаар Монголбанкнаас урьдчилсан зөвшөөрөл авсан. Эцсийн зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгнө. Энэ ондоо багтаад дээрх хоёр банк нээлттэй хувьцаат компани болно гэсэн хүлээлттэй байна. Хас банк болон Худалдаа хөгжлийн банк албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байна. Хуулийн хугацааг ирэх оны зургаадугаар сарын 30 хүртэл нэг жилээр сунгасан учраас дараа оны эхний хагас жилийн хугацаанд энэ хоёр банк хувьцаагаа гаргах боломжтой.