МАН-ын бүлэг өчигдөр буюу 11 дүгээр сарын 22-нд Их тэнгэр цогцолборт хуралдсан гэх мэдээлэл байна.
Хурлын үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улс төрч бие даан байр сууриа илэрхийлж байгаа асуудлыг хөнджээ.
Тодруулбал, намын дотоод дүрэм, шийдвэр гаргах зарчмыг баримтлалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, хувийн улс төрийн үйл ажиллагаа явуулж улс төрчдөд анхааруулга өгсөн гэх мэдээлэл гарчээ.
МАН нь улс төрийн ууган хүчний хувьд намын сахилга бат, дотоод зохион байгуулалт, хамтын шийдвэрийг баримтлах ёстойг хурлын үеэр онцолсон байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд намаас хэнийг нэр дэвшүүлэхийг албан ёсоор шийдээгүй байхад улс төрчид өөрсдийгөө нэр дэвшигч мэтээр олон нийтэд танилцуулж байгаа нь намын нэгдмэл байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Иймд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аливаа улс төрийн үйл ажиллагаанд намын дүрэм, эрх бүхий байгууллагын шийдвэрийг баримтлах шаардлагатайг хатуу сануулжээ.






