Нүүр хуудасМэдээКиев хотын оршин суугчид гэрэл цахилгаан, ундны усгүй боллоо

Киев хотын оршин суугчид гэрэл цахилгаан, ундны усгүй боллоо

Даваа гарагт Оросын арми Украины нутаг дэвсгэрт агаарын довтолгоо явуулсны улмаас нийслэл Киев хотын оршин суугчид цахилгаан болон цэвэр усны хангамжгүй болжээ.

Өчигдөр оройн байдлаар Киевийн айл өрхүүдийн 40 хувь усгүй болж, 270,000 өрхийн цахилгаан тасарсан тухай тус хотын захирагч Виталий Кличко мэдээлсэн байна.

Агаарын довтолгооны улмаас Украин даяар нийт 13 хүн шархаджээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Крымийн Севастополь хотын боомтод Оросын Хар тэнгисийн флотын хөлгүүд дроны халдлагад өртсөн билээ. Уг халдлагын хариуд “өшөө авах”агаарын цохилт өгснөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Оросын талаас нийтдээ 55 пуужин харвасны 45-ыг нь устгаж чадсанаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Агаарын довтолгоонд дэд бүтцүүд өртөж байгаагийн улмаас Украин даяар эрчим хүчний ноцтой тасалдал үүсэж, хэмнэлтийн горимд оржээ. Киев хот эрчим хүчээ хэмнэх үүднээс гудамжны гэрэлтүүлгүүдээ унтрааж, троллейбуснуудаа ердийн автобусаар сольсон байна.

Өчигдөр Киевийн оршин суугчид ундны ус авахаар гудамжинд урт дараалал үүсгэснийг сошиал сүлжээнд тарсан гэрэл зургууд харуулжээ.

Киевээс гадна Львов, Днипропетровск, Харьков, Запорожье хотууд өчигдөр Оросын агаарын цохилтод өртсөн байна.

Украины нийт 10 бүс нутгийн эрчим хүчний голдуу 18 байгууламж  пуужингийн болон дроны халдлагад өртсөн тухай албаныхан мэдээлжээ.

Украины агаарын хүчний устгасан нэг пуужин хөрш Молдов улсын хил орчмын тосгонд унасан нь иргэдийн орон сууцыг гэмтээсэн ч хүний амь хохироогоогүй байна. Сүүлд Молдовын эрх баригчид тус улс дахь ОХУ-ын элчин сайдын яамны нэг ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөж буйг зарлажээ.

Иргэний байгууламж, дэд бүтцүүдийг устгах нь Москвагийн “цэргийн тусгай ажиллагаа”-г удирдахаар энэ сарын эхэнд томилогдсон генерал Сергей Суровикиний тактик гэж үзэж байгаагаа Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн юм.

“Генерал Армагеддон” хочтой тэрбээр Украины хүн амыг гэрэл цахилгаан, халаалт, ундны усгүй болгох замаар эмх замбараагүй байдал үүсгэх зорилготойг Резников тайлбарлаж байв.

“Тулааны талбарт байлдахын оронд Оросууд иргэдтэй байлдаж байна” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба өчигдөр өглөө мэдэгдсэн юм.

Украины эрх баригчдад хотуудаа хамгаалах агаарын довтолгооноос хамгаалах системүүд илүү олон хэрэгтэй байгаа. Одоогоор Герман улс ийм системийг Украинд илгээсэн бол АНУ, Их Британи улсууд удахгүй нийлүүлэхээ амлаад байна.

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН