Нүүр хуудасМэдээКомпьютерийн ард суудаг инженерүүд талбайд гарч, "IT Challenge'26" нь IT-ийн салбарынхны сонирхолтой...

Компьютерийн ард суудаг инженерүүд талбайд гарч, “IT Challenge’26” нь IT-ийн салбарынхны сонирхолтой тэмцээн болж өндөрлөлөө

“IT WORLD ’26” нь зөвхөн салбарын удирдлагуудын чуулга уулзалтаар хязгаарлагдсангүй. Өдөр бүр компьютерийн ард код бичиж, системийг хөгжүүлж, технологийн шийдлийг бүтээдэг инженер, техникийн ажилтнуудыг спорт болон цахим спортын нэг талбарт нэгтгэсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлох үйл явдлын нэг нь боллоо.

Мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг хэлэлцсэн “IT WORLD ’26 | INTERNATIONAL FORUM & EXPO” нь 2026 оны 10 дугаар сарын 28-нд Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдсан билээ. Гэвч энэ удаа IT-ийн салбарынхан индэр дээрх илтгэлийг сонсож, хэлэлцүүлгийг өрнүүлээд тарсангүй, тэдний хамтын ажиллагаа нь спортын талбай, цахим спортын өрсөлдөөнөөр үргэлжилсэн юм.

2026 оны 10 дугаар сарын 29-нөөс 31-ний хооронд 3 өдөр үргэлжилсэн тэмцээнд оролцогчид нь Counter-Strike 2 (CS2), DOTA, Сагсан бөмбөг, Дартс гэсэн 4 төрлөөр хурд, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

САЛБАРЫНХАНДАА ЗОРИУЛСАН ӨӨРСДИЙН ТАЛБАР

Өмнө нь мэдээллийн технологийн компаниудын ажилтнууд нь ICT нэрийн дор зохион байгуулагддаг спортын тэмцээнд үүрэн холбоо, банк санхүүгийн байгууллагуудтай хамт өрсөлддөг байв. Гэвч багуудын бүрэлдэхүүн, оролцогчдын түвшин, лигийн тамирчдын оролцоо зэрэг нь IT-ийн компаниудын энгийн ажилтнуудад тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж байлаа.

“IT Challenge” нь яг энэ нөхцөл байдлыг өөрчлөхийг зорьсон юм. Оролцогч бүр нь тухайн мэдээллийн технологийн компанийн үндсэн ажилтан байх, лигийн тамирчин биш байх шаардлагыг тавьсан нь инженер, техникийн ажилтнуудад өөрсдийн салбарын хүрээнд шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлжээ.

IT-ийн салбарынхан гэхээр өдөржин компьютерийн ард суудаг хүмүүсийг төсөөлдөг ч бодит байдал өөр. Тэдний дунд сагсан бөмбөг, дартсын сонирхогчид, цахим спортод ур чадвартай тоглогчид олон бий. Гэвч тэднийг нэг дор цуглуулж, өөрсдийн салбарын нэрийн дор өрсөлдүүлэх талбар өмнө нь хомс байдаг

“IT Challenge”-ийн бас нэг онцлог нь компанийн удирдлагуудыг ч тоглолтын талбарт урьсан “CEO SHOW MATCH” байлаа. Захирлуудын дунд зохион байгуулсан энэхүү тусгай тоглолтод “Улаан баг” нь ялалтыг байгуулж, тэмцээний уур амьсгалыг улам сонирхолтой болгосон юм.

“IT CHALLENGE”-ИЙН АВАРГУУД

Энэ удаагийн тэмцээнд мэдээллийн технологийн салбарын олон компани нь баг тамирчдаа оролцуулж, төрөл бүрт хүчээ үзлээ.

САГСАН БӨМБӨГ

  • Алтан медаль — Саммит компьютер технологи ХХК
  • Мөнгөн медаль — Смарт софтвэйр групп
  • Хүрэл медаль — Жимобайлнет
  • MVP тоглогч П.Базардарь- Саммит компьютер технологи ХХК

Тус төрөлд нийт 16 баг өрсөлдсөн бөгөөд Могул групп, Топика, Саммит компьютер технологи, Пайнкон, Кменю, Интерактив, Гэрэгэ, Арш тийм, Мандал IT, Онтайм, Аствишн, Смарт софтвэйр групп, Ньюкомпасс, ЮБиКэб холдинг, Изипэй, Жимобайлнет компаниуд оролцлоо.

ДАРТС

  • Алтан медаль— Могул групп
  • Мөнгөн медаль – Топика
  • Хүрэл медаль-Жимобайлнет
  • MVP тоглогч-Д.Саранбилэг Могулгрупп

Тус төрөлд Аствишн, Могул групп, Ньюкомпасс, ЮБиКэб холдинг, Гэрэгэ, Саммит компьютер технологи, Арш Тийм, Интерактив, Смарт софтвэйр групп, Кменю, Жимобайлнет, Изипэй, Топика компаниудын багууд өрсөлдсөн.

DOTA2

  • Алтан медаль-Techpack
  • Мөнгөн медаль-Токи
  • Хүрэл медаль-Могул групп
  • MVP тоглогч – Б.Бат-Оргил Techpack

Тус төрөлд Саммит компьютер технологи, Гэрэгэ, Жимобайлнет, Токи, Аствишн, Нубисофт, Арт тийм, Мандал IT, Могул групп, Смарт софтвэйр групп, Смарт солюшн, ЮБиКэб холдинг, Интерактив, Топика зэрэг багууд хүчээ сорьсон.

COUNTER-STRIKE 2 (CS2)

  • Алтан медаль — Могул групп
  • Мөнгөн медаль-Изипэй
  • Хүрэл медаль-Интерактив/IAG/
  • MVP тоглогч О.Ганболд-Могулгрупп

Тус төрөлд Могул групптэй Ньюкомпасс, Аствишн, Изипэй, CPLM, IAG, IBI, VIP 6:30, ЮБиКэб холдинг, Гэрэгэ, Смарт софтвэйр групп, Топика, Смарт дата, Онтайм, Саммит компьютер технологи, Нубисофт багууд өрсөлдсөн байна.

ЗАХИРЛУУДЫН SHOW MATCH: УЛААН БАГ ЯЛЛАА

“CEO SHOW MATCH”-д салбарын компани, байгууллагуудын удирдлага, төлөөллөөс бүрдсэн 2 баг нүүр тулав.

Улаан баг:

  • Б. Сод-Од — Пи Ай Академ
  • Э. Эрдэнэбаяр — Смарт дата
  • С. Чулуунбат — Тендер хаб
  • Б. Анхбаяр — Смарт софтвэйр групп
  • М. Сайнбилэг — CIO клуб

Цэнхэр баг:

  • У. Эрдэнэбямба — Ай Ти Зон
  • О. Энхмөнх — Аствишн
  •  Б. Эрдэнэболд — Смарт куалити
  • С. Тэнгис — CIO клуб
  • М. Мөнхдөл — Онтайм

Хөгжилтэй өрсөлдөөн, багийн сайхан уур амьсгал дунд өрнөсөн тоглолтод “Улаан баг” нь ялалтыг байгууллаа.

НЭГ САЛБАР, НЭГ БАГ, НЭГ ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

“IT Challenge”-ийн үнэ цэн зөвхөн медаль, цом, тэмцээний дүнгээр хэмжигдэхгүй. Өөр өөр компанид ажилладаг ч нэг салбарт хөдөлмөрлөж буй хүмүүс нь бие биетэйгээ танилцаж, нөхөрлөж, хамтдаа өрсөлдөн, салбарынхаа нэг хэсэг гэдгээ мэдрэх боломжийг энд бүрдүүлсэн юм.

Технологийн салбарын хөгжил нь зөвхөн шинэ систем, программ хангамж, дэд бүтцээр хэмжигддэггүй. Түүнийг бүтээдэг хүмүүсийн харилцаа, хамтын ажиллагаа, салбарын нэгдмэл байдал ч мөн адил чухал. Энэ утгаараа “IT Challenge” нь “IT WORLD ’26”-ийн хүрээнд өрнөсөн спортын тэмцээнээс илүүтэй, салбарын хүний нөөцийг холбосон шинэ санаачилга боллоо.

Компьютерийн ард технологийг бүтээдэг инженерүүд маань энэ удаа талбайд гарч, ур чадвар, багийн ажиллагаа, өрсөлдөх хүсэл эрмэлзлээ харууллаа. Магадгүй “IT Challenge”-ийн хамгийн том ялалт бол аль нэг багийн хүртсэн медаль бус, Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг болох IT-ийн салбарын нэр дор нэгдэж чадсан явдал юм.

“CEO SHOW MATCH”-ийн бичлэгийг IT WORLD Mongolia YouTube сувгаас үзэх боломжтой: https://www.youtube.com/@ITWORLDMongoliaт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН