Нүүр хуудасМэдээП.Анхтуяаг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байх хугацаанд эмнэлгийн нэр дээр олон тооны...

П.Анхтуяаг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байх хугацаанд эмнэлгийн нэр дээр олон тооны санхүүгийн гүйлгээг дур мэдэн хийжээ

УНТЭ-ийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг авлигын хэрэгт холбогдсон хэргээр шалгаж эхэллээ. Тодруулбал, П.Анхтуяаг тендерт шалгарсан компаниас хахууль авсан хэргээр шалгаж эхлээд байгаа юм. Албан өрөө болон гэрт нь энэ сарын 1-нд АТГ-ынхан нэгжлэг хийж, улмаар прокурорын зөвшөөрлөөр сэжигтнээр тооцон саатуулжээ.

Ингэхдээ бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хуульд заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” зэргийг ноцтой зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь өнгөрсөн 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр зарласан 90 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендер, мөн 62 сая 500 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй “Өндөр давтамжит долгионоор судас болон эдийн түлж тайрах гар” нийлүүлэх тендер зарлаж “Кореафарма” компани шалгарчээ. 

Гэтэл УНТЭ-ийн ерөнхий захирал П.Анхтуяа нь тендерт шалгарсан компанитай “Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ” байгуулж, улмаар гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн явцын санжүүжилт болох нийт 35 сая төгрөгийг шийдвэрлэж өгснийхөө хариуд  “Кореафарма” компанийн захирлаас өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу зургаан сая төгрөг шилжүүлэн авсан гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж байна. 

Прокурорын зүгээс түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс энэ оны долоодугаар сарын 28-ны өдөр албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.

Гэвч УНТЭ-ийн ерөнхий захирал П.Анхтуяа албан тушаалаасаа түдгэлзэхгүй хэмээн тус шүүхэд дахин гомдол гаргасан байх бөгөөд Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс долоодугаар сарын 28-нд гаргасан “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлсэн” шийдвэрийг наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн хоёр өөр шийдвэр дундах хэд хоногт УНТЭ-ийн ерөнхий захирал П.Анхтуяа нь олон зуун сая төгрөгийн санхүүгийн гүйлгээг нэг өдөр алгасахгүй хийжээ. Тухайн гүйлгээ хийсэн зарим ААН, байгууллагатай “ашиг сонирхол” нэг байж болзошгүй гэж дүгнэгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН