УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төв аймгийн ЗДТГ-тай хамтран Зуунмод хотноо “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнг энэ сарын 4-ний өдөр зохион байгуулав.
Сэргээгдэх эрчим хүчний талаар иргэдэд мэдээлэл хүргэх, холбогдох дүрэм, журам, үнэ тариф танилцуулах, нийлүүлэлт, суурилуулалтын компаниуд болон бизнес эрхлэгчдийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжоор хангах зорилготой уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгж оролцлоо.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал сэргээгдэх эрчим хүчний талаарх эдийн засгийн үр өгөөжийн талаар тайлбарлаж нарны станц, салхин станцуудыг нэмэгдүүлэх, хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр УИХ-ын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн Төв аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, УИХ, Засгийн газрын баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулав. УИХ хаврын чуулганы хугацаанд 79 хоног хуралдаж 18 анхдагч хууль, 2 шинэчилсэн найруулга, 188 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын 58 тогтоол, 7 олон улсын гэрээ соёрхон баталсан гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх УИХ-ын 119 дүгээр тогтоолын зорилго, чиглэл болон эрчим хүчээ хэмнэх, нэмэлт орлого олох тухай танилцуулгыг хийлээ. Тогтоолын хүрээнд 3х100 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэг өрх 10кВт-ийн нарны панел 17,5 сая төгрөгөөр угсран 3 жил дотор зардлаа нөхөн, цаашлаад сар бүр 466 мянган төгрөгийн орлого олох, аж ахуйн нэгжүүд 20 кВт-ийн нарны панел 40 сая төгрөгөөр угсран 2,7 жилийн дотор зардлаа нөхөн, сар бүр 1,3 сая төгрөгийн орлого олох боломжтой болох ажээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд гүйцэтгэгч компаниудад тавигдах шаардлага багасан, төвийн эрчим хүчинд үйлдвэрлэсэн эрчим хүчээ айл өрх, аж ахуй нэгжүүдэд нийлүүлэхэд илүү хялбар болсон гэв.





