Нүүр хуудасНийтлэлМэндлэх хүндлэх ёсний дээд илэрхийлэл “ХӨӨРӨГ”

Мэндлэх хүндлэх ёсний дээд илэрхийлэл “ХӨӨРӨГ”

Хөөрөг нь Монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл төдийгүй эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс үүсэн бий болсон байдаг.

Харин хөөрөг хэзээ хаана хэдийд үүссэн нь тодорхойгүй.  Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт үнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хөөрөг гэнэ гэсэн байдаг. Тиймээс хөөрөгний үүслийг тамхины үүсэл гаралтай холбон тайлбарлаж иржээ.  Тамхийг 15-зуун хүртэл америк тивийн  уугуул иргэд болох индианчуудаас өөр хүмүүс мэддэгvй байсан бол   16-р зууны сүүлийн хагасаас дэлхий даяар түгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна.

Навчин болон хамрын тамхи 16-р зууны сүүлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг.  17-р зуунд тэндээсээ зүүн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж үздэг байна. Энэ үеэс Хятадууд хамрын тамхиа хийх савыг  төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин ирсэн нь хөөрөг юм.

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөгнөөс өмнө нэг нэгэндээ гаансаа солилцон мэндлэдэг байсан байна.

Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.   Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой.

Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.   Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө.

Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг.

 

Хөөрөг зөрүүлэхдээ

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу  гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.

Монгол хөөргийг үнэ цэнэ нь толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэгтээ хадгалагддаг. .

Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан байна. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас үнэт, гоёл чимэглэлийн чулууг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yүнд чүнчигноров, гартаам, мана, хаш чулуу гэх мэт.

Хожим шашин сүм хийдийг устгах үеэр үнэ цэнээ алдаж улмаар дайны үеэр хөөргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашигладаг байжээ. 1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэхтэй давхцан хөөрөгний хэрэглээ сэргэж, төрийн дээд албан тушаалтан, мянгат малчин болоод жирийн иргэдийн хэрэглээ болон хувирчээ. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг ба толгойг нь ихэвчлэн шүрээр хийж, нуухыг нь алт, мөнгөөр чимэглэн хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн хөөргийг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ангилдаг байжээ.

Мөн хөөрөг нь ур хийц чулуунаас шалтгаалан бэлгэдэл анагаах шинж чанар нь өөр өөр байдаг. Тухайлбал:

Хаш хөөрөг

Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн Бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог.

Манан хөөрөг

Найрлагадаа элдэв язгуур махбодийн багахан хольцтой далд талст болрыг мана гэнэ. Мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Найрлага дахь хольцноосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг. Тэр дотроо усан, халтар, ногоон, замагт мөн өөр янз бүрийн чулууны элементүүд орсноос нь шалтгаалан гартаам мана гэж нэрлэгдэх ч бий. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорох өвчнөөс хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг хамгаалдаг.

Шүрэн хөөрөг

Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг. Ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви, яр эдгээж, хоолойны ангиныг анагаах тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг.

Номин хөөрөг

Биедээ байнга авч явбал яр, шарх гардаггүй. Номин эдэлбэл хортой зүйлд осолдох, яр, шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астма зэрэгт сайн. Номин өөрийн авьяас чадварыг дайчлахад тусалдаг. Матар, мэлхийн ордныхонд сайнгүй. Төрсөн жил, орд, гарал үүсэл зэргээ бодолцон барих хөөргөө сонговол өөдрөг байна.

Сувдан хөөрөг

Сувд эрүүл аз жаргал, урт насыг бэлэглэдэг. Ийм хөөрөг загасны ордныхонд тун ээлтэй.

Оюу хөөрөг

Оюу бол аз жаргалын чулуу, үнэнч дурлалын бэлэг тэмдэг. Ийм хөөрөг хэрүүл тэмцлийг номхотгож, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэн намжаах, гэр бүлийн гишүүн эв эеийг бататгадаг. Оюу элбэг дүүрэн амьдралд хүргэдэг ажээ. Оюу хөөрөгтэй хүний амны хишгийн сахиус зүүсэн хүнтэй адилтган үздэг.

Ундрам хөөрөг

Жинхэнэ ундрам хөөрөг ховор. Ихэвчлэн хиймэл керамик маягийн байдаг учир төдий л үнэтэй биш.

Чүнчигноров хөөрөг

Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг байна. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэхүү чулуу эдгээдэг гэж  хүмүүс ярьдаг. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ сайн чанарын Чүнчигноров хөөргөөр эмчилж болдог юм байна. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ аргаар эмчилдэг гэнэ.

Шил мэт сүүжин хөөрөг

Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хүмүүс ихэвчлэн нүдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нүдний харааг сайжруулдаг болоод тэр аж. Үнийн хувьд чамгүй үнэтэй.

Гартаам хөөрөг

Энэ хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусахгүй гэж ярьдаг байна. Саа өвчний улмаас нүүр, ам нь мурийсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг гэнэ. Тиймээс гартаам хөөрөг хэрэглэдэг иргэд цөөнгүй ажээ.

Хөөргийг хамгаалах, хадгалах сав гэж хэлж болох хөөрөгтэй салшгүй холбоотой зүйл бол Хөөрөгний даалин.  Даалийн нь Монгол урлалын томоохон өвүүдийн нэг. Ур хийц, материалаасаа шалтгаалан үнэ ханш нь их бага байдаг. Хөөрөгний даалинг урлахдаа үндэсний хээ угалзыг  зүү ороох, загасан нуруу гэх мэтийн олон хатгаасаар дүрсэлж  өнгө хээний төгс зохицлыг бий болгодог. Даалинг бөс даавуу торго, хоргой, булгиар, савхи зэргээр хийж түүн дээр янз бүрийн хээ угалз шаглан урладаг. Даалин нь эхнэр хүнийг хэр уран шагладгийг, хадам нь бэрийнхээ хэр уран гартайг шалгадаг шалгуур байсан байна.


 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН