Нүүр хуудасМэдээМэргэн Тоньюкукийн цогцолбор музейг БНТУ 6.5 сая доллароор босгоно

Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейг БНТУ 6.5 сая доллароор босгоно

Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейн шав тавих ёслол боллоо. 

Шав тавих ёслолд, Соёлын сайд Ч.Номин болон Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах газар  (ТИКА)-ын Ерөнхийлөгч Сэркан Каяалар, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атэш  нарын төлөөлөгчид оролцов. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2018 онд Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг байгуулж, улмаар салбар яам, байгууллагууд Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейг барьж байгуулах хэлэлцээрийг байгуулж байсан юм. Хэлэлцээрийн дагуу дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар буюу Соёлын яам хариуцаж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Мэргэн Тоньюкукийн хөшөөний 65.58 кв.км хамгаалалтын бүс дотор 20 га талбайд музейн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Ингэхдээ музей, түүний дагалдах барилга байгууламжийн бүс, музейг даган хөгжих худалдаа үйлчилгээний бүс, амралт зугаалгын бүс гэж хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг нь гарган ажиллаж байна. 

Бүгд Найрамдах Турк улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй уг музей нь тухайн хөшөө дурсгал буй газар дээрээ баригдаж буйгаараа онцлог бөгөөд Туркийн талаас нийт 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 

Хуучнаар БСШУЯ болон ТИКА-ын хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд хоёр талын байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 1997 оноос хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний ажлууд буюу уг дурсгалт газрын зураг болон геофизикийн зэрэг судалгаа хийгдэж, дурсгалуудыг сэргээн засварлаж, хадгалан хамгаалж ирсэн юм. 

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Засгийн газраас түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, баяжуулан хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлд онцгой анхаарч, бүтээн байгуулалтын олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Соёлын яамнаас соёлын салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтыг соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулан олон агуулга хэлбэрээр хөгжүүлж, эдийн засагт оруулах үр өгөөжийг өсөн нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж  байна. Энэ бодлогын салшгүй нэг хэсэг бол хөдөө хээр байгаа түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий дурсгалыг түшиглэн соёлын орон зайг бий болгон хөгжүүлэх явдал юм. 

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянцогтын тал” гэх газарт оршин буй Мэргэн Тоньюкукийн цогцолборыг музей болгон хөгжүүлэх нь соёлын өвийг хадгалж, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын зорилтуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Түүнчлэн, Монгол орны өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа үнэ цэнтэй бусад соёлын биет өвийг энэ жишгийн дагуу хөгжүүлэх сайн туршлагыг бий болгож байгаа нь төслийн ач холбогдлыг улам бүр өргөж байна” гэлээ.

Эх сурвалж: Соёлын яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН