Нүүр хуудасМэдээНИТХ: Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг...

НИТХ: Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.11.17/ нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал хариуцсан нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзан, ажиллах нөхцөлийг нь дэмжих зорилгоор зарим тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Д.Наянбаяр, Д.Отгонсүрэн, Ү.Оюунзул, Ж.Батбаясгалан, Ч.Батзориг, Л.Хосбаяр, Б.Ану-Үжин, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ нар оролцлоо.

Уулзалтын үеэр, НИТХ-ын дарга Д.Ихбаяр хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих нөхцөлөөр хангах нь нийгмийн хамгийн чухал зорилтын нэг гэдгийг онцоллоо. Тэрбээр, НИТХ-аас хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч, энэ чиглэлээр төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж буй нийгмийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв.

Мөн цаашид хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн төлөө – ЗА БОЛ ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байна. Хөдөлгөөний зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН