Нүүр хуудасНийтлэлТамхи уу эсвэл эрүүл мэнд үү гэдэг сонголтыг хийхэд татварын нэмэгдэл чухал...

Тамхи уу эсвэл эрүүл мэнд үү гэдэг сонголтыг хийхэд татварын нэмэгдэл чухал нөлөөтэй

Манай улсын хүн амыг, тэр дундаа өсвөр үе, хүүхэд залууст аюулын харанга дэлдээд удаж, бараг улиг болсон зүйл тамхи гээч нь болжээ. Гэвч залуус хор хөнөөлтэй гэдгийг нь мэдсээр байж хэрэглэсээр байх юм. Улс орны нийгмийн байдал, эдийн засаг, эрүүл мэндийн байдлаа бодсон ч, үр хүүхэд ирээдүй хойчоо бодсон ч энэ тамхины хэрэглээтэй тууштай тэмцэхээс өөр арга үлдсэнгүй. Энэ ч утгаараа тамхины татварыг нэмэгдүүлж байгаа нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нэг арга болж байна.

Тамхи нь татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан никотин агуулсан сэтгэцэд идэвхит бодис юм.

Чухам сэтгэцэд идэвхитэй нөлөөлдөг бодис гэж нэрлээд байгаагийн учир нь хүний сэтгэцэд мансууруулах нөлөө үзүүлж, хараат байдалд оруулдаг, донтуулах чадвартай “никотин” хэмээх бодисыг хэлж байгаа юм.

Харин тэр никотин хэмээх бодис нь муухай үнэртэй, өнгөгүй, тослог шингэн бөгөөд тамхины өвөрмөц үнэрийг бий болгодог аюулын хортой эд. Гэхдээ сүүлийн үед тамхины найрлаганд никотиноос ч илүү хүний биед хортой бодисууд байгааг тогтоогоод байгаа. Энгийнээр хэлбэл тамхи татдаг хүн никотинд дасч түүнийг байнга хэрэглэхийг шаардсан эмгэг буюу тамхинд донтох өвчтэй болчихож байгаа юм. Ингээд ч зогсохгүй тамхинд 4000 гаруй хорт бодис агуулагддагийн 52 төрлийн хорт бодис нь хүний биед хавдар үүсэх нөхцөл болдог гээд бодохоор хүн тамхийг биш тамхи л хүнийг татаж байна. Гэтэл манай улсын хүн ам тамхины хэрэглээгээр өндөр үзүүлэлттэй, хөгшин залуу эр эмгүй тамхинд донтсон харамсалтай дүр зураг нийгмийг бүрхэж байна. Бүх нийтээр хортой гэдгийг нь мэдсээр байж татсаар байгаа учир улсын бодлого ч өөр зүгт чиглэж, өөр аргаар хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахад анхаарах болж. Үүний нэг жишээ нь импортын тамхины гаалийн албан татварыг нэмсэн явдал юм. Өнгөрсөн 2017 оноос эхлэн тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 30 хүртэл хувиар нэмэгдүүлснээр 2017 онд 20 тэрбум төгрөг, 2018-2019 онуудад 53 тэрбум төгрөгийг улсын орлогод төвлөрүүлнэ.

Энэ онд тамхины онцгой албан татвар 10 хувиар нэмэгдэж байгаа, цаашлаад 2020 онд мөн таван хувиар нэмэгдэх юм.

Харин одоо тамхитай холбоотой тоон мэдээдэл авч үзье. Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 7 секунд тутамд нэг хүн буюу жилд 5 сая хүн нас барж байгаа гэсэн судалгаа бий. Дэлхийн хэмжээнд бараг нэг тэрбум орчим эрэгтэй тамхи татаж байгаа бөгөөд хөгжингүй оронд эрчүүдийн 35%, хөгжиж буй оронд 50 орчим хувь нь тамхи татаж байна. Харин дэлхий дээр 250 сая орчим эмэгтэй өдөр бүр тамхи хэрэглэж байгаа бол дэлхийн хүүхдийн 40% нь гэртээ идэвхгүй тамхидалтанд өртөж байдаг ажээ. Тамхичдын 50% нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас бардаг гээд бодохоор дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал нь тамхидалд гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Хэдийгээр шууд нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ч тамхины хор хөнөөл нь хүнийг аажим чимээгүй өвдүүлж, нийгмийн ерөнхий дүр зураг, эрүүл мэнд, эдийн засагт асар их хор хохирол учруулсаар байна. Тийм ч учраас бид энэхүү нийтлэлээр тамхины хор хөнөөлийн талаар мэдээллээд зогсохгүй, нэгэнт учирсан энэ аюулаас гарахын тулд яах ёстой, хэрхэн яаж ямар арга хэмжээ авч болохыг эрэлхийлж байгаа юм. Үүний тулд тамхины татварыг нэмэгдүүлсэн нь цаашид иргэдийн эрүүл мэндэд хэрхэн эергээр нөлөөлж болохыг ч нотлохыг зорилоо. Улмаар нийтлэл бичих явцдаа зарим сургуулийн сурагчид, дэлгүүрийн худалдагч, иргэдийн санал бодлыг сонссон юм. Бид эхлээд нийслэлийн зарим сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдаас тамхи татдаг эсэх, яагаад татдаг болсон талаар тодруулсан юм. Ингэж явахад найз охиноо хөтлөсөн ахлах ангийн хөвгүүн таарч цөөн асуултад хариулт авлаа.

Тамхинаас гарч чадах үгүйгээ мэдэхгүй байна

Төгсөх ангийн сурагч Э: 

Би бараг дунд ангиасаа эхлэн тамхи татсан, эхлээд найзуудтайгаа нийлж сонирхож татаж үзсэн юм. Сүүлдээ нэг хоёр удаагийнх нь дөрөв тав болж одоо тамхийг тогтмол хэрэглэдэг болчихсон. Цаашид тамхинаас гарч чадах эсэхээ мэдэхгүй байна гэж ярив. Тухайн үед найз охиноо хөтлөн явж байсан учир “Ийм хөөрхөн охин хөтлөөд явж байж тамхи татаж болж байгаа юм уу” гэж асуухад хэлэх үггүй яваад өгөв. Дараа нь зургаадугаар ангийн бололтой гурван хөвгүүн явж байгаатай таарч “тамхи татаж үзсэн үү” гэж асуухад “Үзсээн, яах гээд байгаа юм” гэж хэлээд гүйлдээд явчихав. Харин хөвгүүдээс илүү охидууд илүү аминчлан хариулт өгч байлаа. Ахлах болон дунд ангийн хөвгүүд ихэнх нь татаж үзсэн байдаг тухай охидууд ярьж байв. Тэд ч мөн орцонд, сургууль цэцэрлэгийн буланд сонирхож татдаг гэдгээ ч хэлсэн юм. Эх орны минь ирээдүй болсон хүүхэд багачууд аливаа зүйлийн буруу зөв, хэрэгтэй хэрэггүйг ялгаж, өөрөө өөртөө дүгнэлт хийж чадахааргүй насан дээрээ тамхи татаж, донтож байгаа нь харамсалтай. Ингээд бодохоор бидний ирээдүй хаашаа явж байна вэ?. Үүнийг таслан зогсоох нэг арга нь тамхины үнийг өсгөх, худалдан авах чадалгүй болгох явдал юм. Үүний дараа бид татварын нэмэгдэл хэрхэн нөлөөлж байгааг тодруулахаар, найман нэрийн хүнсний дэлгүүр, ТҮЦ-ээр орлоо.

Ширхэгийн тамхины худалдаа багасчээ

Найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч У:

Хямдхан ирдэг тамхинууд үнэ нь өссөн. 500-1000 төгрөгийн хооронд үнэ нь нэмэгдсэн. Хамгийн багадаа л 2400 төгрөгөөр зардаг тамхинд 200-300 төгрөг нэмж байна. Хамгийн гол нь насанд хүрээгүй хүүхдүүд 12-18 орчим насныхан тамхи их асуудаг. Ахимаг насныхан өдөрт хоёр хайрцаг тамхи авдаг бол залуучууд нэг хайрцгийг авч байна. Жаахан хүүхдүүд тамхи асуугаад орж ирэхээр өөрийн эрхгүй уур хүрч, өмнөөс нь санаа зовох юм. Эцэг эхчүүд нь л хүүхдэдээ хяналт тавимаар байгаа юм даа.

ТҮЦ-ийн худалдагч О:

Сургуулийн сурагчид ширхэгийн тамхи асууж их орж ирдэг. Яг үнэнийг хэлэхэд хуулиараа бага насны хүүхдэд тамхи зарах, ер нь ширхэглэж зарах хориотой ч орлогоо бодоод ганц манайх ч биш бусад нь ч гэсэн нууцаар зарж байгаа. Нэг талаас энэ нь далд орлого болж байгаа ч нөгөө талаас ширхэгээр тамхи авдаг явдал, ялангуяа өсвөр насныхан авах нь багассан. Энэ нь ёстой л нөгөө татварын бодлогоор иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан арга болж байх шиг байна.

Хортой гэдгийг нь мэдсээр байж аваад байгаа бол татварыг нь нэмээд байхаас яах вэ дээ

Иргэн А: Би өөрөө насаараа тамхи татаж үзээгүй хүн. Татах нь битгий хэл жигшиж өссөн хүн. За тэр насанд хүрсэн улс нь тамхиа татна уу яана уу хамаа алга гэхэд үр хүүхдийнхээ дэргэд тамхи татаж үргэлж буруу үлгэр дуурайлал болж байх юм. Ядаж зурагтаар гарч байгаа кинонууд нь хүртэл тамхи татах сонирхлыг нь төрүүлж байна шүү дээ. Одоо энэ асуудалд анхаарал хандуулмаар юм. Тамхины худалдааг нь хааж боож чаддаггүй юм аа гэхэд өөр аргаар л үзэх хэрэгтэй байна. Таны хэлсэн татварын нэмэгдэл тамхины хэрэглээг багасгахад нөлөөлнө л гэж бодож байгаа шүү.

Иргэн А:Ах нь бага залуугаасаа л энэ хоронд автсан хүн. Нэг орчихоор гарч чадахгүй насаараа л хордож явна. Үнэнийг хэлэхэд тамхинд нэгэнт орчихвол гарахад их л хэцүү юм. Гэртээ хоол ундгүй байсан ч усаа уугаад унтаад өгнө. Харин энэ муу тамхи л байхгүй бол үхэх шахна шүү дээ. Тийм л айхтар эд. Бид ч яахав өнгөрсөн гэж бодоход залуу үеийнхэн маань л тамхинаас татгалзмаар байгаа юм даа. Үүнд төр засаг ч арга хэмжээ авч, ард иргэд ч өөрсдөө ухамсарлах хэрэгтэй. Ингэж хэлэхээр өөрөө тамхи татдаг байж гэж хэлэх байх. Гэхдээ л энэ тамхи гэдэг үнэхээр хэрэггүй эд шүү л гэж захимаар байна. Хортой гэдгийг нь мэдсээр байж аваад байгаа бол татварыг нь нэмээд байхаас өөр яахав дээ…гэж иргэд сэтгэгдлээ хэлж байлаа. Ингээд бодохоор адууны хомоол, туулайн баас ороож сонирхон татаж байсан аав, өвөө нарын минь үе өнгөрч үр хойч минь дэндүү эрт хоронд автаж байна.

20-25 ширхэг тамхинд хүнийг үхүүлэх хэмжээний никотины тун агуулагддаг. Ийм тооны тамхи татаад үхэхгүй байдгийн шалтгаан нь хүн тамхийг цаг хугацааны завсартай татдагтай холбоотой юм. ингээд бодохоор нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудлын нэн тэргүүнд тамхины хэрэглээг бууруулах, өсвөр үеийнхнийг сэргийлэх шаардлагатай байна. Үүний тулд цаашид дараах арга хэмжээг авах нь зүйтэй болов уу.

  1. Тамхины татварыг нэмэгдүүлэх
  2. Сургуулийн орчинд бодит туршилт, сургалтыг эрүүл мэнд, нийгмийн хичээлээр заах
  3. Эцэг эхчүүд өөрсдөө сэргийлэх, үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байх
  4. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн соён гэгээрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөөх үүргээ гүйцэтгэх,
  5. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон, сөрөг нөлөөллийн талаар боловсрол олгох хэрэгтэй байна.

Эцэст нь хэлэхэд тамхинаас өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга бол анхнаасаа хэрэглэхгүй байх явдал юм. Тамхинаас татгалзсанаар биеийн эрүүл мэнд төдийгүй эдийн засагт ч хувь нэмрээ оруулна. Тиймээс тамхины татварыг нэмэх замаар тамхины өртөг, худалдан авах боломжийг бууруулж байгаа нь иргэд болон худалдагчийн ярианаас анзаарагдаж байна. Энэ алхам нь шууд үр дүнгээ өгөхгүй ч аажмаар, алсдаа асар их нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Яг л ийм байдлаар дэлхийн улс орнууд хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж, татварын бодлогын үр ашиг нь эрүүл мэндийн зардал буурах, ажиллах жил нэмэгдэх байдлаар гарч байна. Дахин хэлэхэд улс бодлогоор тамхины татварыг нэмж байгаа нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Муу гэдгийг нь мэдсээр байж, хортой гэдгийг нь зарласаар байхад тамхиа авсаар байвал татварыг нь нэмээд байхаас ч яах билээ. Тэгж байж  л бид ойлгох юм бол. Ухаараач дээ, хүүхэд залуус, хүн төрөлтнүүд минь…

 

Н.Пүрэвсүрэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН